card

Блокын гарчиг / tabs

Tанилцуулга

Дүрслэх урлагийн музейн эртний урлагийн танхим нь Хүй нэгдлийн үеээс XIII зууны үеийг хамарсан урлагийн бүтээлүүд дэглэгдсэн. Тус танхим нь Ховд аймгийн Манхан сумын Хойд цэнхэрийн агуй зосон зургийн дурсгалаас эхлэх бөгөөд тус агуй хана, туурганд байгалийн улаан зосыг ашиглан тэмээ, зээр, одос үхэр, арслан заан зэрэг амьтдыг зурсан бөгөөд хүй нэгдлийн үеийн хүний оюун санаа, дүрслэх урлагийн сод бүтээлүүд гэдгийг илтгэн харуулах өвөрмөц дурсгал юм. Уг дурсгал нь хүй нэгдлийн үед 40000-12000 жилийн үед Төв ази, түний дотор Монгол нутагт урлагийн сонгодог дурсгал бий болсон байсныг илтгэх харуулж буйгаараа эрдэм шинжилгээний өндөр их ач холбогдолтой юм.

Мөн хүрлийн үеийн буган хөшөө, хүрэл эдлэл хэрэглэлийг дэглэн толилуулсан байна. Монгол нутагт буй хүрэл зэвсгийн үеийн өвөрмөц нэгэн дурсгал бол буган чулуун хөшөө хэмээх археологийн томоохон дурсгал юм. Эл дурсгал нь хүрэл зувсгийн хүмүүсийн нийгмийн давхараажилт, оюун соёлын биелэл, сүсүэг бишрэл, ертөнцийг үеэх үзлийг сонгодог дурсгал юм. Тухай дурсгалыг дайчин эрэгтэйчүүлд зориулан босгодог аж. Хүрэл зэвсгийн бас нэгэн содон дурсгал бол тус музейн эртний урлагийн танхимд буй янгирын толгой чимэглэл бүхий хүрэл илд юм. Энэхүү илд нь тухай нийгмийн өндөр дээд албан тушаал бүхий хүмүүүний хэрэглэж байсан урлагийн сонгодог дурсгал юм. Тус танхимд Төв аймгийн Заамар сумын нутгаас олдсон Уйгур угсааны Пугу аймгийн тэргүүний бунханд оршуулгаас илэрсэн эд өлгийн дурсгал бүрэн эхээрээ дэглэгдсэн бөгөөд тус бунхант оршуулгаас эртний хятад ханз бүхий чулуун хавтан илэрсэн нь эрдэм шинжилгээний асар их ач холбогдол бүхий дурсгал нь эл хөшөөнд тухай бунханы эзний амьдрал, алдар гавьяаг мөнхлөн үлдээсэн бөгөөд Пугу аймгийн түүхэн газар нутаг, тэдний нүүдэл, зонхилогчын нарын талаарх сонирхолтой мэдээг өгүүлсэн байна.

Мөн Хүннү /МЭӨ III-МЭ I зуун/ гүрний керамик урлагийн бүтээл, Түргийн хаант улсын /МЭ VI-VIII зуун/ хүн чулуун хөшөө, МЭ VII зууны үед холбогдох Эртний Уйгурын бунхант булшнаас илэрсэн эд өлгийн зүйлсийг бүрэн эхээр нь дэглэн толилуулахын зэрэгцээ МЭ VIII-X зууны үеийн Каракажа, Турфан, Шинляны сүмийн ханын зургийн хуулбар, Монголын эзэнт гүрний (XIII-XIVзууны) үеийн чулуун сийлбэрийн урлалыг илтгэх хүн чулуун хөшөө зэрэг урлаг, соёлын дурсгалууд дэглэгдсэн байна.

Онцлох үзмэрүүд

Хүрэл илд

Г.Занабазар нэрэмжит Дүрслэх урлагийн музейд янгирын толгой бариултай хүрэл илд хадгалагдаж байна. Тус илд нь хүрэл цутгуурын аргаар урласан илдны бариулын төгсгөлд янгирын толгойн дүрслээр чимэглэн урласан ажээ. Тус илд нь 57,5 см урттай, 10,5 см өргөнтэй ажээ. Илдийг урлахдаа илдний балтагаас 12 цагирга дүрслэлээр уран сайхны шийдлигй оруулан бариулын төгсгөлд янгирын толгой дүрслэлийг загварчлан урлахдаа тухай амьтны эврийг уран гоёмсогоор нумруулан дүрслэн, эврийг атирааг бодит байдлаар гаргасан нь урлагийн өндөр түвшинд хийснийг илтгэнэ. Уг хүрэл илд нь тухайн нийгмийн өндөр дээд албан тушаатны хэрэглэж байсан эд бөгөөд тухайн илд нь эзнийхээ зэрэг зиндааг илтгэнэ. Энэхүү илд нь хүрэл зэвсийн үед нийгмийн давраажилт бий болсон байсныг давхар илтгэх урлаг, соёлын нандин дурсгал болно.

И-ту-шо-е бунханы бичиг /товч тайлал/

Энэхүү бунхант булш нь Төв аймгийн Заамар сумын нутгаас 2009 онд илэрсэн бөгөөд бунхант булшнаас эртний хятад ханз бүхий чулуун бичээс илэрсэн.

Бунханы бичигт Их тан улсын баруун этгээдийн гавшгай харуулын их жанжин Цзиньвэй чжоу-гийн Дуду, шанчжуго цолт, улс нээсэн гүн, Пугу фу-гийн эзэн И-ту-шо-е-гийн бунханы бичээс хэмээсэн аж. Пугу аймаг нь Теле-гийн тусгай аймаг бөгөөд Дуду тушаалаа Өвөг Гэлань баянгаас өвлөн авсан ажээ. Хашаар чимэглэсэн хувцас өмсөх, хэргэм тушаал нь сувд амандаа зуух хэрийн эрхэм хүмүүн байсан тухай өгүүлсэн ажээ. 678 онд 44 насандаа өвчний улмаас өөрийн тойрогтоо насан эцэслэсэн тухай өгүүлсэн болно. Тухайн бунханы эзэн нь Түрэг улс хэсэг хугацаанд хүчин суларч Тан улсын эршээл нөлөөнд байсан түүхэн цаг үед амьдарч байсан нэгэн бөгөөд Уйгур угсааны Пугу аймгийн тэргүүн байсан ажээ. Энэхүү Пугу аймгийн газар нутаг болон тэдний нүүдлийн тухай энэхүү бичээст өгүүлсэн бөгөөд Хятадын эртний сурвалжийн мэдээнд огт гардаггүй сонирхолтой мэдээг агуулж буйгаараа тус бунханы бичээс нь асар их ач холбогдолтой юм. Нөгөөтэйгүүр уг бунхант булш нь монгол нутгаас илэрсэн оршуулгын өвөрмөц дурсгалын нэг бөгөөд бунханы бүрэн намтрыг агуулсан анхны бичээс гэдгээрээ ихээхэн ач холбогдолтой юм. Намтарт өгүүлж буйгаар Пугу аймаг нь ихээхэн хүчирхэг аймаг байсан төдийгүй нэгэн удаад нэг түмэн цэргийн гаргах чадвар бүхий хүн хүч, газар нутаг өргөн томоохон аймаг байсан гэдгийг нотлон харуулж буй юм. Мөн И-ту-шо-е нь дорно зүгт Мохэ, өрнө зүгт төвдийг цохиж байсан тухай нэн сонирхолтой мэдээ агуулна. Дуду хэмээх тушаал нь нэн эртний сурвалжтай албан тушаал бөгөөд анх Вэй улсын үед нийтийн тооллын 222 онд бий болсон ажээ.

Tанилцуулга

Ардын урлаг нь монгол ардын язгуур урлаг, монгол ардын аман зохиол, уламжлалт зан үйл, баяр наадам, ардын уламжлалт гар урлал зэрэг олон зүйлээс бүрддэг бөгөөд биет болон биет бус соёлын хосолсон хэлбэрээр илэрдэг.

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн “Ардын урлаг” үзүүллэгийн танхимд XIX-XX зууны үед холбогдох монголчуудын ур ухаанаа шингээж урласан уламжлалт өв соёл, ардын гар урлалын бүтээлийн дээжис, XVIII-XIX зууны монголын уран барилга архитектур, хүрээ хийдийн зураг урлал, монгол дархны урласан гоёл чимэглэлийн эд зүйлс, уламжлалт тоглоом наадгай зэрэг монголчуудын эдийн соёлыг илтгэх олон зуун үзмэрийн дээжсийг дэглэн олны хүртээл болгож байна. Мөн манай музейгээс дархан урлалын хийцүүд, Далайчойнхор хийцийн гол төлөөлөл болох Алдарт Г.Ерэнтэй дарханы урласан ган сийлбэр хэт хутга, мөн Дэмбэрэл, Самбуу дархны урласан хосгүй үнэт бүтээлүүд зэргийг толилуулж байна.

Онцлох үзмэрүүд

Хархорумын мөнгөн мод

Монголын эртний нийслэл Хархорум хотын “Их хаан”-ы ордон  дотор байрлах уран гоё хийцээрээ гайхагдсан үзэсгэлэнт зүйлсийн нэг нь Францын алдарт уран дархан В.Бушегийн 1254 онд урлан босгосон Мөнгөн мод юм. Мөнгөн модыг 4 метр өндөр  гэж дурьдсан байдаг.Модны мөчир, навч, жимс бvгдийг цул мөнгөөр урлаж, мөнгөн модны ёроолыг тойруулан тус бүрээс элдэв тансаг идээ ундаа олгойдон гарах цоргон амтай дөрвөн мөнгөн арслан байрлуулжээ. Мөнгөн модны оройд гартаа бишгүүр барьсан Чагаа (angelum) тэнгэрийг урласан ба модны дотуур оройд нь хүртэл дөрвөн босоо хоолой татаж, тэдгээрийн амыг доош унжуулан, тус бүрийн амсрыг алтан шармал могойн ам маягтай үйлдэж, сүүлээр нь мөнгөн модыг ороолгон урласан. Нэг цоргоор нь дарс (vinum), нөгөөдөхөөр нь хар айраг (caracomon) гүүний цэгээхэн сүү, балын ундаа мөн террасина хэмээх тутаргын исгүүн умдаа гоождог байжээ  гэж Рубрукийн тэмдэглэлд бичжээ.

Тус музейд буй мөнгөн модыг уран сийлбэрч Дорж 1950 онд хуш модоор, ардын уламжлалт аргаар сийлбэрлэн бүтээсэн бөгөөд модонд луун амсартай таван цоргыг унжуулан маш гайхалтай урлажээ.

Халх эмэгтэйн гоёл чимэглэл

Монголд хорь гаруй том овог, ястан байдгийн ихэнх нь Халхууд эзлэх бөгөөд овог ястан бүр өөрийн үндэсний уламжлалаа хадгалсан өвөрмөц загвар хийц бүхий хувцас, эдлэл хэрэглэлтэй. XVI зууны үеэс монгол эмэгтэй үсээ дэргэр хэлбэртэй болгон угалз хээ бүхий үлэмж их цэвэр цагаан мөнгөн эдлэлээр гоёх болжээ. Тухайн үед эхнэр хүний зүүсэн чимэг зүүлтээр гэрийн эзний зэрэг дэв, бэл бэнчин харагддаг байсан тул хэдий баян байх тусам төдий чинээ нүсэр гоёл чимэглэл хэрэглэдэг байв.

Тус музейд буй халх эмэгтэйн гоёл чимэглэл нь толгойн боолт, хавчаар, шанаавч, шилэвч, сүйх, туйв,таван саваагүй зэргээс бүрдэх бөгөөд тус толгойн боолт, шанаавч, шилэвч, хавчаар бүгд нийт 1465 гр жинтэй.

Төв халхын эхнэрүүд үсээ дэрийлгэн дугуйлж үснийхээ дунд хэсэгт мөнгөн хавчаар, угт нь зууван хавчиг зүүдэг.Толгой дээрээ духруу орсон үнэт чулуу шигтгэсэн мөнгөн оройвч тавьж түүн дээр малгай өмсөнө. Оройвч хэмээх толгойн боолтны орой нь онгорхой байвал байвал харц хүнийх, битүү хорол чимэглэлтэй байвал хатан хүнийх гэдэг. Хоёр талруугаа дэрийлгэсэн үсэндээ 6-8 мөнгөн хавчаарыг дунд нь хавчиж, туйв буюу мөнгөн гэр рүү үсээ хийх уулзварт зууван хавчиг зүүнэ.Туйв гэдэг нь бөс даавуугаар хийсэн үсний гэрийн дээд уганд байх хээ угалз, шигтгээ бүхий мөнгөн чимэгтэй гоёлыг хэлнэ.Өөрөөр хэлбэл үсний үзүүрийг хавчдаг хавчаарыг хэлэхээс гадна эхнэр хүн гэдгийг илэрхийлнэ. Эмэгтэй хүн үснийхээ үзүүрийг ил гаргалгүйгээр туйв ба түүнээс залгаатай байх даавуу, хоргойгоор хийсэн үсний гэр бүхий уутанд хийж далдална. Халх эхнэр хүний таван саваагүй нь монгол эмэгтэйн цэвэр ариун байдлыг илтгэхээс гадна хатан хүний эрхэмсэг, ёсорхуу донж маягийн илэрхийлэл юм.

Tанилцуулга

Онцлох үзмэрүүд

Майдар эргэх ёслолын тэрэг

Tанилцуулга

Онцлох үзмэрүүд

Tанилцуулга

Уран барималч, зураач, архитекторч, хэл шинжээч, гүн ухаантан Г.Занабазар дундад зууны үеийн монголын соёл, урлагийг сэргэн мандахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан хүн юм.

Тэрээр Богд эзэн Чингис хааны алтан ургийн язгуур сурвалжтан Автайсан хааны хүү Түшээт хан Гомбодоржийн гэрт 1635 онд одоогийн Өвөрхангай аймгийн Есөн зүйл гэдэг газар мэндэлжээ. Түүнийг 5 настайд нь халхын 7 хошууны монголчууд чуулган чуулж зөвлөлдөн Монголын шарын шашны тэргүүн Богд Жавзандамба хутагтын ширээнд тодруулан залжээ.

Г.Занабазарын авъяас билиг хүүхэд ахуйгаасаа тодорч гүн ухаан, яруу найраг, урлах эрдэм ухааны олон төрөлд мэргэжсэний дотор дүрслэх урлагт илүү гарамгай байсан тухай тэмдэглэгдэн үлджээ.

Г.Занабазар урлахуйн өндөр түвшинд хүрээд байсан бурхан бүтээх дэг жаягийг төгөлдөржүүлэн, өөрийн дэг сургуулийг бий болгон, дүрслэлийн тогтсон хатуу дэгийг ягштал барьсан ихэмсэг хөндий төрхтэй дүрслэлээс татгалзаж, энгүүн энэрэнгүй, бодит амьдлаг шинж байдлыг шингээсэн, монголжуу зөөлөн дүр байдлыг цогцлоон бий болгосон Очирдара, Майдар, Цагаан Ногоон дара эх, Язгуурын таван бурхан, Бодь суварга, Жанрайсиг бурхан гээд олон бурхад бүтээсэн нь дэлхийн хэмжээнд үнэлэгдэж, Азийн Микеланжело хэмээн алдаршсан билээ. Өрнө, Дорнын барималын урлагт том хэмжээний барималыг гол төлөв хэсэгчлэн цутгаад, дараа нь угсарч нэгтгэх аргаар нэгтгэх аргаар хийдэг бол Занабазар өөрийн бүтээлүүдээ туурвих явцдаа хүрэл цутгамалын “нэрэх” арга гэдэг өвөрмөц аргыг нээсэн ажээ.

Г. Занабазарын уран бүтээл буддын гүн ухаан, үлгэр домгоос эх сурвалжтай бөгөөд угтаа бурханы дүрээр хүний оюун ухаан, бие бялдрын гоо сайхныг магтан дуулж, нөгөө талаас дундад зууны бурангуй ёс, муу муухай бүхнийг сэтгэлээрээ тэвчиж ялах агуу их хүч чадлын ариун дээд илэрхийлэл гэлтэй.

Занабазарын танхимд үзэгч Та хүний амьдрал, тэмцлийн нарийн төвөгтэй асуудал болон аливаа нүгэл хилэнцийн үндэс гэгдэх уур хилэн, мунхаг харанхуй, шунал, тачаал, харам сэтгэл, атаа жөтөө гэх таван “хорыг” тэвчиж ялах сэтгэлийн ариун ёсыг бэлэгдсэн “Язгуурын таван бурхан” цувралын дөрвийг нь харахын зэрэгцээ монгол бүсгүй хүний гоо сайхны сонгодог дүр “Цагаан дара эх”, “Өөрийн хөрөг”, “Эхийн хөрөг” зэрэг дүрслэх урлагийн сор болсон “хосгүй үнэт” бүтээлүүдийг харах болно.

Мөн 1686 онд Г.Занабазарын зохиосон “Соёмбо” үсгийн цагаан толгой, түүний титэм үсэг “Соёмбо” буюу монгол улсын тусгаар тогтнолын бэлэг тэмдгийг эндээс харж болно.

Өндөг гэгээн Занабазарын бичиг соёлын болон дүрслэх урлагийн хосгүй бүтээлүүд өөрийг нь төдийгүй Монгол улсын нэрийг дэлхий дахинаа дуурсгаж байна.

1995 онд Г.Занабазарын мэндэлсний 360 жилийн ойгоор Дүрслэх урлагийн музейг энэхүү алдарт хүний нэрээр нэрлэх болсон нь түүнийг Монголын дүрслэх урлагийн өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн уртад мөнхжүүлэн алдаршуулж буй хэрэг билээ.

Онцлох үзмэрүүд

Язгуурын таван бурхан

Лянхуа цэцэг бүрхсэн том дугуй суурин дээр ваджра буюу очир суудлаар /заримдаа йог суудал ч гэж нэрлэдэг/ сууж бодит ертөнцөөс  тасран ангижирч, бодол сэтгэлээ хязгааргүй их орон зайн бичил цэгт төвлөрүүлэн, бясалгалын дүрээр цогцлон байгаа Язгуурын таван буддаг зэрвэсхэн харахад хоорондоо маш адилхан боловч гарынхаа хөдөлгөөнөөр эрс ялгаатай. Харин сайтар ажваас тэдгээр хөрөг дүрүүдийн нүүрний хувирал, нүдний харцанд нэгэн үе тодорч, нэгэн үе арилж байгаа цаглашгүй сэтгэлгээний нарийн бясалгал, бодол санаагаа зангидан төвлөрүүлсэн их орон цагийн айзам хэмнэлийг мэдэрч болно. Өндөр нь 72см, өргөн нь 46см-ийн хэмжээтэй ийм том хөрөг барималуудыг хүрлээр нэгэн бүхэл цул атлаа хөндий цутгаж, алтаар шарсан хийгээд хэвнээсээ  эх биетэйгээ хамт цутгагдан гарсан духны чимэг, ээмэг зүүлт, бугуйвч, шагайвч болон суурины иж бүрэн чимэглэлийг уран хөөмөл, цоолтборын аргаар тодруулж, ялангуяа тэдгээрийн нимгэн торгомсог хувцасны хээ угалз, материаллаг чанарыг маш нарийн урлаг төгс гаргасан нь үнэхээрийн гайхамшигтай харагддаг.

Эндээс Г.Занабазар дүрслэлийн ерөнхийлөх, нарийвчлах арга ухааныг маш чадварлаг эзэмшсэн том мастер болох нь илт ажиглагдана. Түүний энэ цуврал бүтээлүүдийг харахад бие, хэл, сэтгэл, эрдэм, үйлс, арван хуруу шиг тэгш цогцолсон цэвэрхэн гоолиг, эрүүл чийрэг бие бялдартай, төлөв даруухан идэрмэг хүмүүсийн нүдэнд дулаахан дүр тодорно.

Бодь суварга

Эртний Энэтхэг оронд бурхан багш Шагжамунийн амьдралд тохиолдсон гол гол үйл явдлуудыг тэмдэглэж, түүхэн газруудаар босгосон дурсгалын өндөрлөгийг суврага гэж нэрлэдэг. Монголд XYI зууны үеэс эхлэн суварга бүтээж байжээ.

Г.Занабазарын бүтээсэн “Бодь суврага”-ыг “бурхан багшийн Наразана гол дээр шимнусын аймгийг номхотносны дурсгалд зориулж Магадхын эзэн Рабатгарби хаан байгуулсан” гэдэг домогтой аж. Энэ нь Дорно дахины босоо дөрвөлжиндүү сувраганаас эрс ялгаатай бөгөөд газрын гүнээс ургаж, тэнгэр өөд тэмүүлсэн гурвалжин хэлбэрийн зохиомжтой, орой дээр нь наран саран цацарч, галын дөл бадарч байгаагаар дүрсэлсэн байна.

Сувраганы зохиомж нь сэнтий буюу арслант суудал, хэмжээлшгүй дөрвөн үнэнг билэгдсэн дөрвөн шат, Бурхан багшийн бэсрэгхэн хөрөг баримал бүхий бумба хэлбэрийн агуй, Чойнхоржүсүм буюу номын 13 хүрд зэрэг үндсэн дөрвөн хэсгээс бүрддэг бөгөөд тэдгээрийн маш гоё уран яруу зохицол, архитектоник шүтэлцээ нэгдэл нь Занабазарын уран барилгын гайхамшигт арга ухааныг гэрчлэн харуулдаг.

Tанилцуулга

Монголчууд” Шүтээн зураг, эрдэнэт зураг, бурхан зураг” хэмээн нэрлэж байсан энэхүү зургийн төрөл нь дэлхий дахинаа “Танка” хэмээх нэрээр нэрлэгдэж иржээ. Танка гэдэг нь төвд үг бөгөөд “Тан” гэдэг нь талбай хавтгай гэсэн утгатай, “Га” гэдэг нь нэр үг үүсгэгч дагавар тул хавтгай дээр зурсан зураг гэсэн утгатай нийцнэ.

Монголд буддын шашин дэлгэрсэнтэй холбоотой танка зургийг бүтээх эрдэм маш эртнээс өргөн дэлгэрчээ. Энэхүү зургийг хэрхэн бүтээх арга нь Ганжуур болон бусад олон сударт бичиж тэмдэглэн үдсэн байдаг бөгөөд XVII зуунаас Монголд сүм хийд байгуулагдаж улмаар тэдгээрийн дэргэд бүтээлийн сүм болон барханы газрууд байгуулагдан бурхадын хөрөг зураг, ном судрыг хэдэн зуугаар бүтээх болсон байна. Эртний Энэтхэг, Төвдийн бурхан зургаас улбаалан орж ирсэн шүтээн зураг, Монголд хөгжихдөө өнгө, дүрслэл, бэлгэдэл зэрэгтээ өөрийн уламжлалаа шингээн монгол гэсэн өнгө аясыг хэдийн бүрдүүлэн хөгжсөөр XIX-XX зуун гэхэд ур хийцийнхээ хувьд өндөр түвшинд хүрчээ.

1930 оны сүүлээс шүтээн зураг урлах ажил тасарсан хэдий ч 1990-ээд оноос шашны сургуулиуд байгуулагдан бурханы шашны урлаг бүхий л төрлөөр дахин сэргэх боломж бүрдсэн билээ. Өдгөө шашны сургуулиудад урлал бүтээлийн ангиуд үүсэн түүнд олон арван банди нарсуралцаж байна.

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн хоёр ч танхимд шүтээн зургийн нэлээдгүй бүтээлүүд дэлгээтэй байдаг. Тэдгээр нь ихэвчлэн XIX зууны эх XX зууны сүүл үед холбогдох Их хүрээний урлаач нарын бүтээлүүд хадгалагдаж байгаа. Мөн хэд хэдэн бүтээл Монгол Улсын Засгийн Газрын тогтоолоор Монголын түүх соёлын “Хосгүй Үнэт” дурсгалын бүртгэлд ороод байна.

Онцлох үзмэрүүд

Ногоон дара эх

Ногоон Дара эхийн лагшингийн өнгө ногоон, хоёр мутраар лянхуа цэцгийн ишнээс чимхсэн, зүүн хөлөө хумиж баруун хөлөө унжуулсан, тэргүүн нь амьтдын зовлонг сонсож буй мэт зүүн талруу ялимгүй хазайсан байдалтай, баруун хөлөө унжуулан бадам цэцгийн мандалнаа заларна.

Домогт Ногоон дара эхийг найман аюулаас гэтэлгэж тус хүргэдэг гэдэг.Найман аюул гэдэгт: арслан мэт омогийн, заан мэт мунхагийн, гал мэт уурын, могой мэт атаагийн, ус мэт хүсэл тачаалын, эргэлзэж тээнэгэлзэхийн, хулгайч мэт муу үзлийн, чөдөр мэт хармын аюул эдгээр болно. Эдгээр найман аюул нь дотоод сэтгэлийн аюул бөгөөд аливаа хүнд гадаад ертөнцийн аюул ховор дайралдах боловч дотоод сэтгэлийн аюул өдөр тутамд заналхийлж, нирвааны замд саад болж байдаг хэмээн үздэг байна.

Монголын үе үеийн урлаачид бодит хүний дүрийг бурханчлан бүтээж ирсний нэг нь ХIХ зууны үед мартан зургийн аргаар зурсан энэхүү бүтээл юм.

Ловон Бадамжунай

Ловон Бадамжунай амгалан дүрээр бадам цэцгийн мандал дээр очирт суудлаар заларна. Тэргүүнээ улаан  малгай залж, задгай алтан хээтэй номын хувцас асаан, жанчны хормойг цэцгийн дэлбээ мэт нугалан суужээ. Баруун мутартаа алтан очир, зүүндээ насны бумбатай гавал барин, мөрөндөө хадамгай түшүүлжээ.

Ловон Бадамжунай номын хүчээр газар, усны эзэн савдгийг номхруулан, “Очир гадасны увдис үзлийн эрхис нууц тарнийн судар” туурвин, нимава ёсыг дэлгэрүүлжээ.

Tанилцуулга

МЭӨ - 3 - МЭ 1- р зууны үед Монгол газар оршин тогтнож байсан Хүннү гүрний үед хонины цагаан эсгий дээр хоорондоо тулалдан тэмцэлдэж байгаа есөн хос араатан амьтдыг өнгө зохицуулан хийсэн эсгий ширмэл ширдгээс эх үүсэлтэй зээгт наамлын урлаг нь 19-р зууны үед хөгжлийнхөө оргилд хүрчээ. Зээгт наамлын урлагийн онцлог бол торгон дээр торгоор зурах гэдэг нарийн төвөгтэй, чимхлүүр урлаг юм. Зохиомж, өнгө, дүрслэл, гүйцэтгэлийн хувьд уран сайхны хувьд дорно дахины сонгодог урлагийн эрдэнэсийн санд зүй ёсоор ордог.

Торго, хоргой, магнаг, алт мөнгөн саа, есөн эрдэнэ алт, мөнгө, шүр, оюу,номин, сувд, тана, зэс, ган зэрэг үнэт тансаг биет материалаар хийгддэгээрээ өвөрмөц бөгөөд уран сайхны хэтрүүлэг, дүр дүрслэлийн үлэмж сүрлэг хэллэг, хурц тод өнгө зохицол нь хүний сэтгэл булаах гоо сайхны ер бусын увидастай ажээ. Хоргой, торгоор өнгө хоршуулан, зээглэж урладаг энэхүү гайхамшигт урлаг нь дүрслэн үзүүлэх аргахэрэгсэл нь Танка зургаас хавьгүй илүү ур ухаан, авъяас чадвар шаарддаг тул түүнийг торгон зээгт наамлын урлаг гэж нэрлэдэг. Зээгт наамлын урлагийн танхимд Зоогойн аймгийн Жүгдэр, Тойсүмлин аймгийн Цэнд, Андуу нарын аймгийн Тавхайбор, Хасгомбо зэрэг Их Хүрээнд төвлөрсөн монголын алдарт урчуудын урлан бүтээсэн дахин давтагдашгүй урлагийн сор дээжис болсон бүтээлүүд хадгалагдаж байдаг билээ.

Онцлох үзмэрүүд

Ганзай

Хасгомбын хар зургаар Их Хүрээний урчуудын бүтээсэн “ Ганзай ” хэмээх зээгт наамал бол уран сонин хэллэгтэй, билэгдлийн баялаг дүрслэлтэй бөгөөд хэд хэдэн хөндлөн үенээс бүрдсэн зохиомжинд үүлэнд умбасан шовх сарьдгийн оройгоор элэн халин нисч буй шувуудаас гадна нар, сар,уул,цэлмэг тэнгэрийн билэгдлийн зүйлс, төрийн долоон эрдэнэ, өлзийт найман тахил, шашны хөгжмийн зэмсэг, тахил, шүтээний эд хэрэглэл,араатан гөрөөс, адуу малыг маш өргөн дэлгэр хүүрнэн үзүүлж, тэдгээрийн давтагдашгүй хөдөлгөөн донж төрхийг илэрхийлсэн байдаг.

Цогт Охин Тэнгэр (Балданлхам)

Цогт Охин Тэнгэрийг ертөнцийн ёсыг хатуу зөөлөн дүрээр удирдаж, хамаг амьтныг эх мэт асарч, хүч хайр, зүрх сэтгэлээ зориулж, хүссэн цагт өдрийн гурван харуул, шөнийн гурван манааг илгээж, есөн хүслийг хангадаг бурхадын эх болсон гэж эн тэргүүнд үздэг аж. Нөгөөтэйгүүр хүнийг бүхлээр нь залгигч эм мангас, нүгэлтний хар цэргийг яргалж алсан дайны их жанжин ч гэж үздэг. Ийнхүү Лхам сахиус нь олон төрөлд хувилдаг хүчит рид хувилгаан чадалтай ажээ.

Их Хүрээний Зоогой аймгийн бурханч Хосгомбын бүтээсэн 110х137 см-ийн хэмжээтэй эл зээгт наамлын бүтээл нь 1995 онд засгийн Газрын тогтоолоор хосгүй үнэт бүтээлийн жагсаалтад орсон дүрслэх урлагийн дахин давтагдашгүй бүтээлийн нэг юм.

Хасгомбын бүтээсэн энэхүү бүтээлд Балданлхам сахиусын шарга луусын баруунаа “Матар толгойт”, зүүнээ “Арслан толгойт” хоёр нөхөр, түүний дөрвөн улирлыг даасан дагуулын хамт бүтээлийн төвд зохиомжлон, тэдгээрийн дээр баруун зүүнээ Наманчлалын бурхадын нэг, Гэлүгва ёсыг үндэслэгч Богд Зонхова нарыг залан, үзмэрийн зүүн доодод баруунаа эд баялагийг бэлэглэгч Норжинлхамыг, зүүнээ шүлэг, яруу найраг, дуу хөгжимд төгс, оюун ухааны эзэн Янжинлхам нарыг тус тус дүрслэн, хоргой, торгыг өнгө зохицуулан, алт, мөнгө, шүр, сувд зэрэг есөн эрдэнээр чимэн урласан нь нэгэн харахад тансаг уран зураг мэт, нөгөө харахад сонгодог баримал шиг агаарлаг, тансаг, өнгөлөг, төгс биетлэг харагдан, үзсэн бүхний анхаарлыг өөрийн эрхгүй татдаг

Tанилцуулга

Цам нь эртний Энэтхэгт үүсэж, Төвөдөөр дамжин Монголд дэлгэрсэн бурхны шашны нэгэн томоохон зан үйл юм. Цам гэдэг нь төвөдөөр “нам дарах” гэсэн утгатай үг бөгөөд цамнах үед биеийг ганхуулах, сэгсрэх, тэргүүнийг зүг зүгт эргүүлэн сэжих, мутрын олон хөдөлгөөн хийх, хөлөөр харайх, дэвслэх, алхах зэрэг хөдөлгөөнөөр хүн ардад учирсан гай зовлон, ад зэтгэрийг хөөн зайлуулах бэлгэдэлт утга бүхий үйл юм.

Цам харайх үйл явцад линга эвдэх, сор балин гаргах, жахар залах, уншлага, урилга явагдах, бясалгал хийх зэрэг нууц тарнийн зан үйлүүд үйлддэг байна.

Монголд анхны цам Зүүн гарын улсад 1723 онд,дараа нь 1786 онд Эрдэнэ зууд гарч, Их хүрээнд Жахар цам буюу Их цамыг 1811 онд IV Жавзандамба хутагт Лувсантүвдэнваанчигжигмэджамцын /1755-1813/ үед анхдэглэн гаргасан түүхтэй. Үүнээс хойш 1937 он хүртэлтасралтгүй 127 удаа гарч байгаад цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан цам гарахаа больж харин 1999 оноос Хүрээ цам хуучин дэг жаягаараа дахин сэргээгдэн зарим хийдэд гарч эхэлсэн.

Зуны адаг сарын шинийн 9-нд Жахар цам гардаг байжээ.

Цам нь Монголд дэлгэрэхдээ манай ард түмний өвөрмөц зан заншил, түүх домог туульсын баатрууд, эртний бөө мөргөлийн уламжлалын зарим зүйлээс аван баяжиж, олон янзын агуулга, дүр байдал, үйл явдал, тавилт дэглэлтээр өвөрмөц онцлогийг олж хөгжсөн байдаг. Мөн газар газрын сүм хийдүүдийн шүтээн сахиус, уул усны лус савдаг өөр өөр байдагтай нэг талаар холбоотойнөгөө талаас нутаг нутгийн ард түмний зан заншлын өвөрмөц онцлогтой уялдан цамд гарах дүрийн тоо,дүр дүрслэл, цаг хугацаа, ёс жаяг, дэг хөдөлгөөнийхөө хувьд ялгарах болсноор Жахар цам, Тахилын цам, Майдарын цам, Бухан цам, Хангалын цам, Эрлэг цам, Гэсэрийн цам, Мялын цам гэх мэт төрлүүд бий болжээ.

Цам нь нэг талаас шашны зан үйл боловч нөгөө талаас дүрслэх урлагийн бүтээл, театр, жүжгийн, бүжгийн урлагийн цогц нэгдэл гэмээр харагддаг.

Уран гарт, билиг авьяастай хүмүүс болох зураач, барималч, дархан, оёдолчин, хатгамалчдын оюун ухаан, ур чадвараар бүтдэг гүн бэлгэдэл, уран тансаг хийц бүхий баг, хувцас, гутал, хөгжмийн зэмсэг, зан үйлийн хэрэглэл, тахил зэрэг нь цамыг бодит сүрлэг, сүрдэм харагдуулдаг билээ.

Монголд цамын багийг урлаж байсан тухай ном зохиолд тэмдэглэснээс үзвэл зөвхөнИх хүрээнд гэхэд: Баргын аймгийн нэртэй зураач, барималч чамбон Пунцаг-Осор, Намдлингийн аймгийн цогчин гэсгүй Ёндон, Дарь эхийн “Ачит” Самдан зэрэг чамбонгууд, Хүрээний их зураач Зоогой аймгийн Жүгдэр, Номчийн аймгийн өндөр бурханч, алдарт лавчин Лувсанцэрэн, Зоогой аймгийн унзад зураач Гэндэндамба,оёдолчин эхнэр Бадам, Сүнгийн аймгийн хатгамалч хүүхэн Долгорсүрэн зэрэг олон алдартай урчууд цамын баг өмсгөлийг урлахад оролцож байжээ.

Онцлох үзмэрүүд

 

Шүрэн баг

Улаан Сахиус буюу Жамсран бурхны багийг Их хүрээний чамбон Пунцаг-Осор 1900-аад оны эхэн үед урлажээ. мБагийг цаасан шуумлын аргаар хийж түүнийгээ жижиг, том  хэмжээтэй 7-10 мянган ширхэг улаан шүрийн хэмжээг тохируулан нүүрний булчин агших тэнийх чигийн дагуу, үй зайгүй шигтгэн урласан нь өдгөө гоц хийцтэй урлагийн гайхамшигт бүтээл болон музейд дэлгэгдэж байна.

Багийг таван дэлбээ эсвэл хохимой толгойн титэм, доош унжих жавдар, даржин, ээмэг зэргээр чимэглэх бөгөөд үүнд  уран дархны оролцоо, эрдэнийн чулуу, шүр, оюу, анар шигтгэсэн хөөмөл, хөөлтүүр, цохимол, сийлбэр, шармал болон зээгт наамал, уран хатгамлын аргаар маш нарийн оёх зэрэг олон талын арга ажиллагааг хослуулан бүтээж байжээ.

Их хүрээний цамын баг нь бусдаас эрс ялгагдахаар том хэмжээтэй байжээ. Тэдгээр баг нь хүний толгойн хэмжээнээс даруй 2 дахин том бөгөөд бүжиглэгч нь эргэн тойрноо багийн нээлттэй амаар хардаг байсан гэнэ. Ийнхүү монгол урчууд уран сайхны хэтрүүлгийг ашиглан баг дүрсийг маш бодитой чадмаг үйлдэж байсан нь цамын бүжигт дүрийг илэрхийлэх нэгэн гол хэрэглэгдэхүүн болох цамын багийн хөгжилтөд оруулсан чухал хувь нэмэр болно.

Цамын өмсгөл

Цамын үндсэн өмсгөл нь додиг хэмээх цээж,  модиг буюу хормойвч, шүшив хэмээх агуу ханцуйт дээл, матар хоншоорт гутал, баг зэргээс бүрдэх бөгөөд эдгээр хувцас нь цөм нийлээд муу аюулыг тонилгох, бурхан шашны дайсныг даран сөнөөхийг бэлгэдсэн зан үйлийн хувцас болно. Эдгээр хувцас өмсгөлийг тансаг, гоёмсог хоргой торго, магнаг хэрэглэн, өнгийг урлаг төгс зохицуулан янз бүрийн утга бэлгэдэлтэй хээ угалзнуудыг зүү ороох, зээглэх, задгай утсан хатгамал, товгор зээг зэрэг оёдлын олон аргыг хослуулан монгол урчуудын нэгдмэл ажиллагаагаар бүтээж байжээ.

Tанилцуулга

Лойлон гэдэг нь “Бурханы орон” гэсэн утгатай санскрит үг. Бурханы оронг танка зураг, зээгт наамал, мод, өнгийн элсээр болон биеийн мөн чанар, бясалгал гэсэн олон хэлбэрээр бүтээдэг. Бурхан болгон өөр өөрийн гэсэн оронтой.

Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгт хадгалагдаж буй Дүйнхорын Лойлонг

Эх Дагины аймаг анх байгуулагдахад хааш хааш 20 чи хэмжээтэй Дүйнхорын Лойлонг бүтээжээ. Их Хүрээний дэд хамба лам Дэчингалбын Дорж Ловон Цогтзандан, Дүйнхорын аймгийн Содномдаржаа нар тэргүүтэй лам нар зохион загварлаж, Дүйнхорын лойлонг Олноо өргөгдсөний дөрөвдүгээр он (1914) хөх бар жил Их Хүрээний шилдэг урчууд, халх дөрвөн аймаг, шавь тавын захиргаанд байсан тэргүүн зураач, сийлбэрч, дарханы урчуудыг дайчлан хоёроос гурван сарын хугацаанд хус, дал модоор сийлж, унжлага гоёж, чимэглэлийн зэсээр хөөмөлдөж, алтаар шарж бүтээн урлажээ. Нийслэл хүрээнд энэхүү хот мандалыг бүтээхэд хоёр зуу гаруй урчууд оролцсоноос Дүйнхорын аймгийн Содномдаржаа, Андуу нарын аймгийн Тавхайбор, Жамбалдорж, Намдлингийн аймгийн Лувсан, Шүтээний аймгийн Дугаржав нарыг дурдаж болно.

Дуйнхор бурхын орон нь таалал (сэтгэл), зарлиг (хэл), лагшин (бие) гэсэн гурван хэсгээс бүрдэх бөгөөд хязгааргүй олон бурхан заларч байдаг.

Энэхүү лойлон нь нийт 1818 нэгжээс бүрдэж, үзүүллэгийн танхимд олны мэлмийг баясган ухааныг хурцалдаг.

Онцлох үзмэрүүд

Лойлон

Лойлон гэдэг нь “Бурханы орон” гэсэн утгатай санскрит үг. Бурханы оронг танка зураг, зээгт наамал, мод, өнгийн элсээр болон биеийн мөн чанар, бясалгал гэсэн олон хэлбэрээр бүтээдэг. Бурхан болгон өөрийн гэсэн оронтой. Дуйнхор бурханы орон нь таалал (сэтгэл), зарлиг (хэл), лагшин (бие) гэсэн гурван хэсгээс бүрдэх бөгөөд хязгааргүй олон бурхад заларч байдаг.

Энэхүү Дүйнхорын лойлонг Их хүрээний дэд хамба лам Дэчин галбын “Дорж Ловон”, Дүйнхорын аймгийн Содномдаржаа тэргүүтэн зохион зааварлаж олноо өргөгдсөний дөрөвдүгээр он буюу 1914 оны хөх бар жил Их Хүрээний шилдэг урчууд, халх дөрвөн аймаг, шавь тавын захиргаанд байсан шилдэг зураач, сийлбэрч, дарханы урчуудыг дайчлан хоёроос гурван сарын хугацаанд хус, дал модоор сийлж, унжлага гоёж чимэглэлийг зэсээр хөөмөлдөж, алтаар шарж бүтээн урлажээ. Музейн үзмэрт байх энэхүү лойлон нийт 1818 нэгжээс бүрдэнэ.

Tанилцуулга

XIX зууны сүүлч XX зууны эхэн үед Монголчуудын язгуур аж төрөх ахуй,угсаатан зүй, нийгмийн байдал, ёс заншил болон шашны сэдэвтэй зургуудыг бүтээж ирсэн нь “Монгол зураг” хэмээх урлагийн нэгэн төрөл чиглэл болон хөгжиж иржээ. Монгол зургийн гол онцлог нь Монгол түмний оюун санаа, уран сэтгэмж, хорвоо ертөнцийг үзэх үзэл өвөрмөц аргаар илэрхийлэгддэг. Монгол зураг нь уран дүрслэл, өнгийн хослол нэгдэл, гүн ухааны агуулгаараа баялаг юм. Монгол зураг нь ардын гар урлал, зураасан зураг, номын зураг чимэглэл, хүрээ хийд, аж байдлын зэрэг чиглэлээр төрөлжин шашны, үлгэр домгийн, байгаль амьтан, хээ угалз зэрэг сэдэв зонхилж байв. Энэ үеийн дүрслэх урлагийн хөгжил болоод Монгол зургийн онцлог ялгааг гаргасан бүтээлүүдээрээ зураач Б.Шарав, Цагаан Жамба, А.Соёлтой, Сономцэрэн, Д.Дамдинсүрэн, Д.Манибадар тэргүүтэйзураачид түүчээлж байсан байна. Эдгээр уран бүтээлчдийн бүтээл өдгөө Дүрслэх урлагийн арвин их сан хөмрөгийг баяжуулсан билээ.

Онцлох үзмэрүүд

2018

2018.11.23 – 2019.01.22 БОГД ЖАВЗАНДАМБА ХУТАГТУУДЫН ДҮР, ДҮРСЛЭЛ XVII-XX ЗУУН

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей нь соёлын өвийг дээдлэгч та бүхэндээ Монголын тусгаар тогтнол, Монгол бахархалын сарыг тохиолдуулан “Богд Жавзандамба хутгатуудын дүр, дүрслэл, /XVII-XX зуун/” үзэсгэлэнг зохион байгуулж оюуны мэлмийд тань өргөн барьж байна. Дүрслэх урлагийн музейд хадгалагдаж буй  бүтээлийн цуглуулгаас Богд Жавзандамба хутагтуудыг дүрсэлсэн хөрөгүүд онцгой байр эзлэдэг.

Анхдугаар Богд Жавзандамба хутагт Өндөр гэгээн Занабазар, Хоёрдугаар Богд  Лувсандамбийдонмэ, Гуравдугаар Богд Ишдамбийням, Дөрөвдүгээр Богд  Лувсантүвдэнванчүгжигмэджамц, Тавдугаар Богд Лувсанцүлтэмжигмэддамбийжалцан, Зургадугаар Богд Лувсантүвдэнчойжижалцан, Долдугаар Богд Агваанчойживаанчигпэрэнлэйжамц, Наймдугаар Богд Агваанлувсанчойжинямданзанваанчигбалсамбуу Богдуудын дүр дүрслэлийг зурмал, оёмол, цутгуур, шуумал, баримал, дармал, сийлбэр зэрэг үнэт, хосгүй үнэт үзмэрүүдээс эрхэм үзэгч танд дэлгэн, толилуулж байна. Монгол орноо XVII зуунаас Богд жавзандамба хутагтууд тодрон оюун санааны том хөрөнгө оруулалтыг хийсээр ирсэнийг намтар түүхнээ олноор дурдсан байдаг. Үзэсгэлэнд сан хөмрөгөөс 90 гаруй бүтээл дэлгэгдэнэ.

 

2018.05.16 МУЗЕЙН САН ХӨМРӨГӨӨС: ХӨГЖМИЙН ЗЭМСГҮҮД

Жил бүрийн 5 дугаар сарын 18-ны өдөр болдог Олон улсын музейн өдрийг тохиолдуулан Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей өөрийн сан хөмрөгт хадгалагдаж байгаа үзмэрүүдээ үзэгчдэд толилуулдаг уламжлалтай билээ.

Энэ удаа тус музей сан хөмрөгт хадгалагдаж байгаа хөгжмийн зэмсгүүдээ дэлгэн үзүүлэхээр бэлтгэлээ.

Монголын ард түмэн хөгжмийн зэмсгийн талаар баялаг түүхтэй билээ. Эрт үеэс монгол нутагт оршин суугчдын дунд хэрэглэгдэж байсан хөгжмийн зэмсэгийн тухай археологийн олдвор, хадны сүг зураг, хөгжимт аман зохиолын нэн эртний хэлбэрүүд болон бусад хэрэглэгдхүүнээс мэдэж болно.

Монгол угсаатнууд нэлээд дээр үеэс хааны ордон, төрийн ёслол, найр наадам, ан ав, цэрэг дайны, шашны болон иргэний аж байдлын зан үйлүүдэд хөгжим үүсгэн дуулж бүжиглэдэг байсан тухай түүхийн сурвалжуудад тэмдэглэгдэн үлдсэн байхын зэрэгцээ дотоод гадаадын эрдэмтэн, судлаачид нарийвчлан судалсаар ирсэн байна. Хамгийн анх түүхч Г.Бадрах 1930-аад онд “Монголын хөгжмийн түүхээс” номондоо монголчуудын хэрэглэж байсан хөгжмийн зэмсгийн тухай өгүүлсэн байдаг.

Монголын анхны төрт улс Хүннүгийн үед хэнгэрэг, бүрээ, хуур, цуур зэрэг цохивор, товшуур, үлээвэр, чавхдаст хөгжмийн зэмсэг хэрэглэдэг байжээ. Хүннүгийн дараа төр улсаа байгуулсан Сяньбичууд 80 төрлийн хөгжмийн зэмсэг оролцсон чуулгатай байсан бол Уйгар, Киданчууд өөрсдийн нутгийн хөгжмийн зэмсэгээс гадна хөрш улсуудаас хөгжмийн зэмсэг захиалан авах зэргээр ордны цэнгээн, найр наадамдаа төрөл бүрийн хөгжмийн зэмсэг ашигладаг байв. Мөн Монголчууд байлдаан эхлэхийн өмнө үхрийн ширээр бүрсэн дайны хэнгэрэг дэлддэг байжээ.

Г.Бадрах өөрийн номондоо Монгол үндэсний хөгжмийн зэмсгийг хийц бүтцийг нь харгалзан төмөрлөгийн, чулууны, чавхдасны, хулсны, хулууны, шороон, ширийн, модны хэмээх найман аялгууны аймагт хуваан ангилсан байна. Мөн хөгжмийн зэмсгийг дуугаргах байдлаар нь үлээвэр, цохивор ба чавхдаст хөгжим гэж бас ангилдаг аж.

Монгол урчууд хөгжмийн зэмсэгүүдийг эрт үеэс гууль, зэс, модоор урлаж, тэдгээрийн бүтэц, дуугаралтад анхаарахаас гадна, ур ухаанаа шингээсэн гоёмсог сийлбэр, хээ угалзаар чимэглэдэг байв. Мөн гэмтэж эвдрэхээс хамгаалан аялгуу, чанар, эдэлгээнд нь нөлөө бүхий үнэртнээр ариулан, бөс даавуу, торгомсог эдлэлд ороож хадгалдаг байжээ.

Монголчууд хөгжмийн зэмсэгийг найр наадам, баяр цэнгэлийн үед хэрэглэхээс гадна мэргэ төлөг тавих, далд увидасыг нээх болон шашны олон төрлийн ёслол, зан үйлд өргөн ашиглагдаж иржээ. Тухайлбал, заавал хосолж үлээдэг цордон бүрээ, их бүрээ, дуу дарам, хэнгэрэг, цан, дамар, хэнгэрэг, бялар буюу бишгүүр зэргийг цам бүжгийн үед өргөн хэрэглэдэг бол, гандан хэмээх хүний дунд чөмөгний ясаар хийсэн хөгжмийн зэмсэгийг шашны өөр зан үйлд хэрэглэнэ. Мөн дун, дэншиг, сэлнэн зэрэг үлээвэр, цохивор хөгжмийн зэмсэгүүд ч бий. Эдгээрийг гол төлөв сүм хийдийн газар хурал ном хурах зэрэг шашны янз бүрийн зан үйл, ёслолын үед тоглодог болой.

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа хөгжмийн зэмсэгүүд нь шашны зан үйл, том жижиг ёслол, цам бүжгийн үед хэрэглэгдэж байсан зэмсгүүд байна. Эдгээр хөгжмийн зэмсэгүүд нь судлаачдын ангилснаар үлээвэр ба цохивор хөгжмийн ангилалд багтах юм.

Энэ удаагийн Олон улсын музейн өдөр нь “Өргөн харилцаатай музей: Шинэ хандлага, шинэ олон нийт” уриан дор явагдаж байгаа билээ. Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей энэ уриан дор олон шинэ үзэгчийг татах зорилгоор мэдээллийн технологийн шинэ техник дэвшил нэвтрүүлэн, үзэгчиддээ QR кодыг ашиглан үзэсгэлэнгийн үзмэрийн талаарх мэдээллээ хүргэхээр төлөвлөж байна.

QR (Quick Response) кодыг 1994 онд анх Япон улсад зохиосон бөгөөд өдгөө дэлхий даяар олон нийтийн хэрэглээнд нэвтэрчээ. QR код нь ухаалаг гар утас, таблет болон бусад төхөөрөмжөөр уншигдах дөрвөлжин хэлбэрийн шошго ба төрөл бүрийн мэдээлэл дамжуулах, цахим хаягтай холбох зэрэг үүрэгтэй. Музейн хувьд QR кодыг үр дүнтэй ашиглах олон арга бий. Үзмэрийн тайлбарыг уламжлалт хэлбэрээр хүргэхийн хажуугаар энэхүү кодыг ашиглан нэмэлт текст, зураг, видео, аудио болон веб хуудас дахь мэдээллийг үзэгчид өөрийн ухаалаг төхөөрөмж эсвэл музейн таблетийг ашиглан авах боломжтой. Үүний тулд ердөө тухайн ухаалаг төхөөрөмжиндөө QR код уншигч аппликейшн суулгахад хангалттай.

Энэхүү код нь биет ертөнцийг интернет ертөнцтэй холбох харилцааны шинэ хэрэгсэл юм.

“Музейн сан хөмрөгөөс: Хөгжмийн зэмсгүүд” үзэсгэлэн 2018 оны 5-р сарын 16-наас 6-р сарын 6 хүртэл үргэлжилнэ.

Үзэсгэлэнгийн нээлт: 2018 оны 5-р сарын 16-ны 15.00 цагт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд болно.

2018.02.09 ЦАГЛАШГҮЙ АРИУССАН СЭТГЭЛИЙН БОЛОР ОРД

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей 2018 оны анхны  үзэсгэлэнгээ XVII жарны "Тийн унжлагат" хэмээх шороон нохой жилийн сар шинийн баярын өмнөхөн “Цаглашгүй ариуссан сэтгэлийн болор орд” хэмээх нэртэйгээр дэлгэх гэж байна.

Монголын дүрслэх урлагийн хөгжилд бурханы шашны их таван ухааны нэг “Урлахуйн ухаан” онцгой байр эзэлдэг. Бурханы шашин, түүний шүтээн урлаг монгол хөрснөө буухдаа өөрийн гэсэн онцлогтой хөгжиж, монголчуудын ур ухаан, охь шимийг шингээсний нэг нь хот мандалын бүтээлүүд юм.

Бүтээлч мандал бүтээх тиг хэмжээ, өнгө будаг, зохиомжийг алдагдуулалгүй хот мандал бүр өөрийн уран сэтгэмжээр байгалийн материал ашиглан янз бүрийн хэмжээтэй, шашны бэлгэдэл зүйг агуулан бүтээсэн байдаг онцлогтой.

Үзэсгэлэнг бид 2017 оноос эхлэн бэлтгэсэн бөгөөд энэ хугацаанд сан хөмрөгт хадгалагдаж буй урьд өмнө үзэгчдийн хүртээл болж байгаагүй ховор нандин үзмэрүүдээс бүрдсэн  “Бурхадын орон, хот мандал” каталог, хот мандалын гэрэл зургийн цомог тус тус хэвлүүлж, та бүхний оюуны мэлмийг мялааж байгаадаа бид баяртай байна.

“Бурхадын орон, хот мандал” каталог, цомогт орсон үзмэрүүдийг анх удаа үзэгчдийн хүртээл болгохоор энэхүү үзэсгэлэнд дэлгэн үзүүлж байна. Энд музейн сан хөмрөгт хадгалагдаж буй ХVIII-XIX зууны сүүл үеийн Их Хүрээний нэрт урчууд болон бурханч лам нарын бүтээсэн нийт 70 гаруй бүтээлийг гаргаж үзэгч олон нийтэд толилуулж байна.

Тус үзэсгэлэнд уламжлалт гар урлалын төрөл зээгт наамал, шүтээн зураг, бар зургийн аргаар Доржэ Жигжид, Жанрайсиг, Минтүг, Дэмчиг, Гүнрэг, Хаянхярваа, Сандуй, Намсрай, Дүйнхор, Аюуш, Сосорбарам, Хажид бурхадын хот мандал, тухайн хот мандалын эзэн бурхад зэргийг дэлгэхээс гадна “Үйл хөдлөлийн урлаг- performance art”, өнгөт элсээр үрж урласан хот мандалыг бүтээж үзүүлэх юм.

Үзэсгэлэн 2018 оны 2-р сарын 9-ний өдрөөс 3-р сарын 9-ыг хүртэл нэг сарын хугацаатай гарна.

2017

2017.12.01 – 2018.01.01 ДӨРВӨН УЛИРЛЫН ДУУ

/Хэвлэлийн мэдээ/

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей арвин их сан хөмрөгөөсөө үзэгч болон судлаачдад зориулан цуврал үзэсгэлэн зохион байгуулдаг уламжлалтай билээ. Энэ удаад гадаад урлагийн сан хөмрөгөөс Японы модон барын бүтээлүүдээс бүрдсэн ”Дөрвөн улиралын дуу” нэртэй үзэсгэлэнг каталогийн хамт үзэгчдэд өргөн барьж байна. Эдгээр бүтээлүүд нь репродукц хэлбэрээр хадгалагдаж байгаа юм.

Үзэсгэлэнд Японы модон барын урлагийн төлөөлөгчид болох 40гаруй уран бүтээлчдийн зургууд байгаагаас XIX зуунд Дорнын Японы уламжлалт урлагийг дэлхийд таниулсан барын их мастерууд Китагава Утамаро (1753-1806), Сузуки Харунобу (1717/24-1770)зэрэг нэртэй бүтээлчдийн бүтээлүүд шигтгээ нь байх болно.

Эдгээр барын бүтээлүүд аж байдлын, байгалийн сэдвээс гадна тухайн ард түмний гоо сайхныг илэрхийлэгч эмэгтэйчүүдийндүрийг голчилж бүтээсэн нь нэнсонирхолтой. Эмэгтэйчүүдийн сэдэвт цуврал бар зургуудад “Үнэнчийн тэмцээн”, “Бүсгүйн өдөр ба цаг мөчүүд”, “Хайр дурлалын сонгомол дуунууд” гэх зэрэг нэртэйөрнөлгүйбэсрэг дүрийн бүтээлүүд олон бий. Тухайлбал,1794-1795 онуудад бүтээсэн “Гоо сайхнаараа алдаршсан зургаан бүсгүй” хэмээх цуврал зурагт япончуудын гоо сайхны таашаалын илэрхийлэл болсон бүсгүйчүүдийн дүрийгуран нарийн зураас, донж хөдөлгөөнөөр гайхамшигт илэрхийлсэн байдаг. Эдгээрээс харвал япон бар зурагтамьдралыг байгаагаар нь маш энгийнээр гарган харуулдаг уламжлалт дүрслэлийн онцлог байдаг бөгөөд энэ онцлог нь европын урлагт нөлөөлжээ.

Үзэсгэлэн 2017 оны 12-р сарын 1-ны 15 цагт нээгдэх ба 1 сарын хугацаатай үргэлжилнэ. Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей

2017.12.01-ны 16:00 цагт “Барлах урлаг гэж юу вэ? лекц болно. Илтгэгч: Монголын График урлаг нийгэмлэгийн тэргүүн, МУЭ шагналт зураач З.УЯНГА

2017.05.18 – 2017.09.10 ДОГШИДЫН АВРАЛ ҮЗЭСГЭЛЭН

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгөөс гаргаж буй "Арван хангал" цуврал үзэсгэлэн-5 "ДОГШИДЫН АВРАЛ" үзэсгэлэн 2017.05.18-06.18-ны хооронд Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд гарах гэж байна.

Үзэсгэлэнгийн нээлт: 2017.05.18-ны 14:00 цагт болно.

2017.02.22 – 2017.03.08 МОНГОЛ УХААН – МОДООР УРЛАХУЙ

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей уламжлалт сар шинийн баярт зориулан "МОНГОЛ УХААН-МОДООР УРЛАХУЙ" үзэсгэлэнг үзэгч түмнийхээ мэлмийг мялаан золгож байна.

Уг үзэсгэлэнд XIX-XX-р зууны үед монгол хүний ур, ухаан шингэж модон урлалын 100 гаруй бүтээлийг музейн сан хөмрөгөөс дэлгэн толилуулна

2016

2016.10.26 – 2016.11.26 ЭРДЭНЭ БОЛСОН ГУРВАН САХИУС

“Эрдэнэ болсон гурван сахиус”

Монголд бурханы шашин дэлгэрснээр монгол хүн бурхадын хөргийг ур ухаанаа шингээн, дүрслэх урлагийн бүхий л төрлөөр бүтээж, өв уламжлуулан, нандигнан хадгалж тахин шүтсээр ирсэн билээ. Эдгээр өв сан нь өдгөө бидний мэлмий, оюуныг баясган, бахархал бахадлыг төрүүлсээр байна. Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей  тэдгээр өв сангийн арвин цуглуулгатай бөгөөд хадгалан хамгаалахаас гадна үзэсгэлэнгээр дамжуулан үзэгчдэд таниулан сурталчлах ажлыг тогтмол явуулдаг. Энэ удаад Арван хангал цуврал үзэсгэлэнгийн 4 дэхь буюу “Эрдэнэ болсон гурван сахиус” үзэсгэлэнг уламжлал болсон зурагт тайлбар бүхий каталогийн хамт үзэгчдэд өргөн барьж байна.

Бурханы шашинд “Арван хангал” гэж алдаршсан Жигжид, Очирваань, Гомбо Чагдугба, Цагаан махгал, Дамдинчойжил, Балданлхам, Шалши, Намсрай, Жамсран, Цамба хэмээх агуу чадалтай, хилэнт дүртэй бурхад байдаг.

Үзэсгэлэнд музей сан хөмрөгөөсөө өмнө гарч байгаагүй хангал бурхад болох Баян Намсрай, Улаан сахиус буюу Жамсран, Цагаан итгэл буюу Гонгор бурхадын баримал, зурмал бүтээлүүдийг дэлгэж байна. Эдгээрнь XIX зуунд холбогдох бөгөөд ихэнх нь нэр нь үл мэдэгдэх урчуудын зуу гаруй бүтээлүүдээс бүрдэж байна.Гурван сахиус нь Монголчуудын дунд өргөн түгэн дэлгэрсэн бөгөөд Баян Намсрай, Гонгор нь эд баялаг арвижуулах, Жамсран нь цэргийн үйл хэрэг, дайн тулаанд хамгаалагч сахиус хэмээн шүтэж иржээ.

Үзэсгэлэн 2016 оны 10-р сарын 26-ны 16 цагт нээгдэх ба сарын хугацаатай үргэлжилнэ.

2016.01.25 АЧ АВРАЛТ ОХИН ТЭНГЭРҮҮД БА ДАРА ЭХ

/Хэвлэлийн мэдээ/

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей үүсэн байгуулагдсаны 50-н жилийн ойд зориулан үзэгч та бүхэнд сар шинийн өмнө “Ач авралт охин тэнгэрүүд ба Дара эх” үзэсгэлэнгээ нээж байна. Музей нь 50-н жилийн ойн хүрээнд олон ажил төлөвлөж буйн нэг нь “Ач авралт охин тэнгэрүүд ба Дара эх” үзэсгэлэн агаад тус музейгээс зохион байгуулж буй "Арван хангал" бурхадын III дахь удаагийн цуврал үзэсгэлэн юм.

“Ач авралт охин тэнгэрүүд ба Дара эх” үзэсгэлэн нь 2016 оны 01 сарын 25 ны өдөр тус музейн үзэсгэлэнгийн танхимд болох бөгөөд тус үзэсгэлэнд Балданлхам, Бүжинлхам, Гүнжинлхам, Янжинлхам ба Цагаан дара эх бурхадаас бүрдсэн нийт 300 орчим бүтээл дэглэж үзүүлнэ. Эл үзэсгэлэнд дэглэгдэж буй бүтээлүүдийн 96 орчим хувь нь музейн сан хөмрөгөөс анх удаа олон нийтэд хүрч байгаа төдийгүй зурмал, оёмол, цутгуур, шуумал, баримал, модон барын дардас, сийлбэр зэрэг бурхан урлалын бүхий л төрлөөр бүтээгдсэн бүтээлүүдийг багтааж байгаагаараа нэн онцлогтой юм.

Бурханы шашинт ард түмэн түүний дотор Монголчууд "Лхам" бурханыг ихэд эрхэмлэн шүтэж ирсэн байдаг. Түүний нэгэн зүйл хэмээвээс Монголчууд цагаан сарын битүүний шөнө Балданлхам бурханыг айл бүхэнд залран ирдэг хэмээн билэгшээн ундаасч ядарсан луусыг нь услаж байгаа утгаар гэрийнхээ тотгон дээрээ гурван ширхэг мөс тавьдаг заншил өдгөө бидэнд уламжлагдан хадгалагдсаар иржээ.

Тус үзэсгэлэнд Монголчуудын төр ёсны их баяр цагаан сарын өмнө толилуулж буй нь билэгшээл ерөөлийг эрхэмлэн зон олон Монголчууддаа ирж буй бичин жилдээ өсөн дэвжихийн билэгшээлийг давхар агуулж байна.

Мөн бурхан урлаач Д.Ухаанзаяа нь өөрийн бүтээлүүдийг тус үзэсгэлэнд дэлгэн толилуулж байгаа нь Монголын орчин үеийн бурхан урлалыг төлөөлж буй нь үзэсгэлэнгийн нэгэн шинэлэг тал болж байна.

Та бүхэн “Ач авралт охин тэнгэрүүд ба Дара эх” үзэсгэлэнд ирсэнээр Монголын бурхан урлалын уламжлал, өвийг орчин үеийн Монголын бурхан урлалын хөгжил, онцлогийг нэгэн дороос хамтад нь тольдох боломжийг та бүхэнд олгож байна. Мөн үзэсгэлэнд оролцож буй үзмэрийн гэрэл зургийг бүрэн хэмжээгээр багтаасан өмнөтгөл, тайлбар бүхий каталог хэвлүүлэн уншигч таны оюун мэлмийд хүргэж байна.

2015

2015.10.26 – 2015.11.11 НУУЦЫН ЭЗЭН

/Хэвлэлийн мэдээ/

Монголчууд эртнээс өнөө цаг хүртэл бурхадын дүрийг дүрслэх урлагийн бүхий л төрлөөр бүтээн, бишрэн шүтэж, өв уламжлуулан нандигнан хадгалж ирсэн, өнөө цагт тус музейн сан хөмрөгт хадгалагдаж буй үзмэрүүдээс зурмал, оёмол, хатгамал, цутгуур, шуумал, баримал, дармал, сийлбэрлэн бүтээсэн “Очирваань”-бурхадыг дэлгэн “Нууцын эзэн” хэмээх үзэсгэлэнг үзэгч танд толилуулж байна.

Бурханы шашинд “Арван хангал” гэж алдаршсан Жигжид, Очирваань, Гомбо Чагдугба, Цагаан махгал, Дамдинчойжил, Балданлхам, Шалши, Намсрай, Жамсран, Цамба хэмээх агуу чадалтай, хилэнт дүртэй бурхад байдаг. Очирваань бурхан нь гал хуй бадарсан орон зайн төвд, бадам цэцэгт наран мандал дээр баруун бойвыг нугалан, зүүнээ жийсэн байдлаар, баруун мутартаа таван үзүүрт очир атган, огторгуй өөд далайн, зүүн мутрын долоовор ба эрхий хуруугаар зангалаг чагжаа хийж, очирт гох дэгээ барьж зүрхэн тушаа авсан, үзэсгэлэнт сүр жавхлан бадарсан догшин сүрт хөх өнгөтэй, намхан бүдүүн лагшинтайгаар босоо оршино.

Хамаг бурханы эрдмийг нэгэн дор хураасан, их хүчтэн, бүхий л сахиусуудын тэргүүн, шулмасын орны хорлолыг дарагч их сахиус гэх бөгөөд нууцын орныг сахин хамгаалагч учраас “Нууцын эзэн” гэж ёгтлон нэрлэжээ.

XV зууны үеэс эхлэн өргөн дэлгэр шүтэж ирсэн бөгөөд Чингис хаанаа Очирваанийн хувилгаан ч гэж хүндэтгэж үздэг.

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа дүрслэх урлагийн бүхий л аргаар бүтээсэн “Очирваань бурхан”-ы дүр бүхий үзмэрүүдийг дүрслэлээр нь, ганцаар дүрслэсэн, бусад бурхадын хамт дүрслэсэн, язгуурын бурхадын хамт, оройд нь Хангарьд, морьтой буюу Хатуу гурав, суварганы хамт гэж үндсэн таван хэсэгт ангилж болно. Ихэнх үзмэрт Очирваань бурханыг ганцаар буйгаар дүрслэсэн байна.

Эдгээр үзмэр бүрд, тухайн бүтээлч шүтээний дүрийг бүтээхдээ, бурхан бүтээх тиг хэмжээ, зохиомжийг алдуулалгүй өөрийн уран сэтгэмжээр, янз бүрийн хэмжээтэйгээр, байгалийн материал ашиглан, шашны бэлгэдэл зүйг алдуулахгүйгээр бүтээсэн байдаг.

Музейн сан хөмрөгт 120-д ширхэг Очирваань бурхан хадгалагдаж байна. Бүтээлүүдийг хийгдсэн материалаар нь төрөлжүүлэхэд цутгуур-11 ширхэг, шавар баримал-16 ширхэг, сийлбэр-1 ширхэг, зураг урлал-82 ширхэг, баримт бичгийн-5 ширхэг, оёмол, хатгамал-3 ширхэг ба нийт цуглуулгын 0,7%-ийг эзлэнэ. Үзэсгэлэнд оролцож буй нийт үзмэрийн 94,9 хувь анх удаа сан хөмрөгөөс гарч, үзэгч таны мэлмийг баясгаж байна.

Тэр дунд 3,3 см хэмжээтэйгээс 16 метр хүртэлх томоохон хэмжээтэйгээр урласан хосгүй үнэт бүтээлүүд бий.

“Нууцын эзэн” үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд 2015 оны 10-р сарын 26 ны өдрөөс 1 сарын хугацаанд үзэгчдэд хүрэх болно.

2018

Хүсэлт илгээх