Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, ШУА-ийн Археологийн хүрээлэнтэй хамтран зохион байгуулж буй "Археологийн олдворт нуугдсан урлаг" үзэсгэлэн

"Хурдтай өөрчлөгдөж буй нийгэм дэх музейн ирээдүй" уриан дор тэмдэглэж буй "Олон улсын музейн өдөр"-ийг тохиолдуулан, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Шинжлэх Ухааны Академийн Археологийн хүрээлэнтэй хамтран "Археологийн олдворт нуугдсан урлаг" нэртэй үзэсгэлэнг зохион байгуулж байна.

Тус үзэсгэлэнд Монгол орны нутаг дэвсгэрээс олдсон чулуун зэвсгийн үеэс эртний төрт улсуудын түүхэн цаг үеийг хамарсан, нүүдэлчдийн амьдрал ахуй, урлаг, соёл, шүтлэг бишрэлийг илэрхийлсэн дахин давтагдашгүй ур хийц, дүрслэлийг шингээсэн 100 орчим археологийн олдворыг дэлгэн үзүүлж байгаа юм.

Тухайлбал: Монголын эртний нүүдэлчдийн угсаа гарал, соёл, түүх, урлаг, гоо зүй, шүтлэг бишрэлийн хосгүй үнэт өв Буган чулуун хөшөөний хэв хуулбарууд, Дорнод аймгийн Булган сумын Норовлин уулын Неолитын үеийн булшнаас гарсан хүний нүүрний хэлбэр бүхий чулуун онго, Төв аймгийн Борнуур сумын нутаг Ноён уулын булшнаас олдсон Хүннүгийн үеийн нэхмэл болоод гар урлалын урлагийг тод томруунаар харуулсан нэхмэл эдлэл, мөнгөн хөөмөл чимэглэлүүд, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын нутгаас илэрсэн эртний чулуун онго зэрэг сонирхол татахуйц олдворууд багтаж байна.

Эртний нүүдэлчдийн гоо зүйн сэтгэлгээ, урлахуйн ухаан, мэдрэмж, шүтлэг бишрэлийн илэрхийлэл археологийн олдворуудад хэрхэн нуугдан хадгалагдаж, хөгжин уламжлагдаж ирснийг энэхүү үзэсгэлэнгээс харах болно.

“Археологийн олдворт нуугдсан урлаг” үзэсгэлэн нь Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд 2025 оны 05 дугаар сарын 09 - ний өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 20 – ны өдрийг дуустал үргэлжилнэ.

Хаана: Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей

Үргэлжлэх хугацаа: 2025.05.09-2025.05.20

Facebook: The Fine Arts Zanabazar Museum