Tabs
- Танилцуулга
- “Хайрцган дахь музей” хөтөлбөр
- “Соёмбо” сургалт
- “Хадны сүг зураг” сургалт
- "Зээгт наамал" сургалт
Боловсролын хөтөлбөрүүд
Манай музей нь боловсрол хүмүүжлийн чиг үүргийнхээ дагуу олон нийтийн ажлыг ажилтан албан хаагчид, үзэгч сонирхогч нийтэд хөтөлбөр боловсруулан музейн үзүүллэг болон сан хөмрөгт хадгалагдаж буй үзмэрийг их дээд сургууль, коллежийн оюутан, ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдад болон бусад байгууллагуудад хүргэж үйлчилж байна.

Тус төсөл Дүрслэх урлагийн музейд 2013 онд анх хэргэжсэн. Төслийн зорилго нь алслагдсан дүүргүүдэр байрлах ЕБС-ийн сурагчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг музейд ирж үзэх боломжгүй иргэдэд музейн үзмэрээ энгийн хэлбэрээр танилцуулах оршино. Эртний хадны зургаас авхуулаад үйчүүрийн зураг хүртэл Монголын дүрслэх урлагийн түүхийг өгүүлэх музейн онцлох үзмэрүүдийг бүгд нэг хайрцганд багтахуйц жижиг хэмжээгээр урлан “Хайрцган дахь музей” тань дээр очих болно.

“Соёмбо” сургалт
Зорилго: Соёмбо үсгийн зохиогдсон түүх, бэлгэдэлт утга учрын талаар хүүхдүүдэд тайлбарлан, өгөх ингэснээр хүүхэд өөрсдийн төрийн бэлгэдэл соёмбо үсгийн бэлгэдлийг ойлгон мэдэж авснаар эх орноо хайрлан, хүндэтгэх сэтгэлгээтэй болох юм.
Үйл явц: Өгсөн мэдлэгээ тогтоцтой үлдээхийн тулд бэлдсэн соёмботой цаасыг өнгөөр будуулж өөрсдөд нь дурсгал болгон өгөх. Идэвхитэй оролцож цэвэр сайхан будсан хүүхдүүдэд музейгээс плакат, ил захидал, номоор шагнаж урамшуулж, хийсэн бүтээлийг нь музейд авч үлдэх.
Үр дүн: Энэхүү хөтөлбөрөөр хүүхдүүд дандаа хардаг, дээдэлдэг хирнээ утга учрыг нь төдийлөн сайн мэдэхгүй Соёмбын бэлгэдлийн талаар мэдэж авч, өөрөө будаж үзсэнээрээ өгсөн мэдлэг тогтоцтой үлдэх үр дүнтэй юм.
Монголын анхдугаар Богд олноо Өндөр гэгээн хэмээн алдаршсан Г.Занабазар нь 1686 онд Түвхэн бүтээлийн сүмдээ сууж соёмбо –Заяади үсгийг зохиожээ. Энэ үсэг нь “Өөрөө гарсан гэгээн” гэсэн утгатай бөгөөд уг титэм үсгийг андар гэгээн анхандаа мутрын тэмдэг маягаар хэрэглэж байжээ.
1911 онд Монголын ард түмэн манжийн түрэмгийлэгчдийг эх нутгаасаа үлдэн хөөж үндэсний улс төрөө ахин сэргээхдээ Монголын эртний уламжлалт соёмбо үсгийг тухайн цагийн байдалд нийцүүлэн хэрэглэж байгаад 1921 онд Монголын ард түмний эрх чөлөө тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг Монгол улс өөрийн эрхт байхыг бэлгэдсэн улс төрийн гүн агуулгатай билээ.
Соёмбын дээр байдаг гурван дөлт гал нь Монгол улс маань өнгөрсөн,одоо, ирээдүй гурван цагт ямагт мандан бадрахын бэлгэдэл бөгөөд ер нь галыг монголчууд голомт залгамжлах, мандаж бадрахын утгаар хэрэглэдэг заншилтай.
Мөнх тэнгэрийг төлөөлсөн нар,сар хоёр бол монголын эртний сүлд тамба юм. Нар, сар, гал гурав нийлээд ашид мандан бадрахын бэлгэдэл болно.
Соёмбын доторх хоёр гурвалжин жад, сумны хэлбэрийг дүрсэлсэн бөгөөд үзүүрийг нь доош харуулсан нь дайсныг дараг гэсэн утгатай юм.
Соёмбын төвд буй хоёр хос загасны дээр дороос хашсан тэгш өнцөгтэй дүрсийг хэрэглэсэн нь шударга журамтай цэгц шулуун гэсэн бэлгэдэлтэй бөгөөд хүн бүхэн эх орныхоо төлөө эв санаа нэгтэй бол ган хэрэм лугаа төр улсаа хамгаалж цэх шударгаар хүчээ өгтүгэй гэсэн утгатай.
Загасыг эртний Монголчууд өдөр шөнийн аль ч цагт нүдээ аньдаггүй амьтан гэж сонор соргогийг бэлгэдэл болгожээ. Хос загас нь арга бэлэг, буюу эр, эм гэсэн утгатай бөгөөд соёмбо тэмдэгт улсын хүн ард эрэгтэй эмэгтэй ялгалгүй цөм өндөр сонор сэрэмжтэй байж өсөж үржин улс орноо цэцэглүүлнэ зэрэг утга санааг агуулсан байдаг.
Ийнхүү соёмбо тэмдэг нь гал мэт мандан бадарч, наран саран мэт гэрэлтэн мөнхжиж, сум мэт хурц шулуун, хуяг мэт бат бэх байж, загас мэт сонор соргог, өнөр өтгөн явж арга бэлэг хослон, төмөр хэрэм лугаа төр улсаа хамгаална гэсэн утгатай юм.
.jpg)
Зорилго: Эртний хүмүүсийн зурж үлдээсэн зураг дүрслэлийн өвөг эцэг гэж нэрлэгдэх хад, агуйн сүг зургуудыг юугаар, яаж зурдаг байсан, хэдэн мянган жилийн өмнө хамаарагдах, юуг дүрсэлж зурдаг байсан манай орны хаагуур байдаг талаар хүүхдүүдэд хэлж өгсөнөөр түүхийн хичээлээр үзсэн мэдлэгээ музейд ирж нүдээрээ харж бататгах юм.
Үйл явц: Өгсөн мэдлэгээ тогтоцтой үлдээхийн тулд бэлдсэн байгалийн энгийн чулуун дээр, өнгийн будгаар хадны сүг зургийг дуурайлган зуруулж, идэвхитэй оролцож сайн зурсан хүүхдүүдийг плакат, ил захидал, номоор шагнаж урамшуулах.
Үр дүн: Энэхүү хөтөлбөрөөр хүүхдүүд хадны сүг зургийн талаар мэдлэгтэй болж, өөрөө зурж үзсэнээрээ эртний хүмүүсийн сэтгэлгээгээр түр ч гэсэн аялаж үзэх юм.
Хамгийн эртний урлагийн бүтээл зураг дүрслэлийн өвөг эцэг гэж нэрлэгдэх хад, агуйн сүг зургийн талаар болон эртний хүмүүсийн аж ахуй амьдралын талаар тэдэнд мэдлэг өгч, өөрсдөөр нь тухайн зургийг дуурайлган зуруулсанааар сургалтыг сонирхолтой, үр дүнтэй болгох юм.
Монгол орон хадны зургийн дурсгалаар үлэмж баялаг юм. Хадны зургийн дурсгал нь тухайн үйлдэгдсэн үеийнхээ хүмүүсийн амьдрал, аж ахуй, соёл, зан үйл зэргийг илэрхийлж чаддаг. Тэдгээрээс хүрэл, төмрийн түрүү үед хадан дээр улаан зосон будгаар зурсан, цоолборлосон, сийлсэн зургууд элбэг олддог.. Сүг зургийг хоёр аргаар бүтээдэг. Үүнд:
Зосон зураг:
- шар зосон
- улаан зосон
Сийлмэл зураг:
- бодитой дүрсэлсэн
- загварчилж дүрсэлсэн гэж ангилна.

Зорилго: Монголчуудын уран сайхны сэтгэлгээний уламжлалд тулгуурлаж торго, хоргойг нааж, зээглэх хатгамал зэрэг оёдлын аргаар гүйцэтгэсэн ардын урлагийн бүтээл болох зээгт наамлыг ямар ямар материалаар яаж хийдэг арга технологи, ямар хүмүүс урладаг талаар мөн зээгт наамалаар оёж бүтээсэн бүтээлүүдийн талаар тайлбарлаж өгөх.
"Зээгт наамал"-ыг "Торгон зураг" хэмээн нэрлэсэн нь дүрслэл уран сайхны төгс илэрхийлэлээрээ зургаас дутахааргүй түвшинд гүйцэтгэлтэй байсан учраас урлагийн бие даасан төрөл болтлоо хөгжжээ.
Эртний хүмүүс эсгий, арьсаар хийсэн хувцас эдлэлээ, хээлж чимэглэж эхэлснээр наамал урлагийн эхлэл болжээ. Манай орны Ноён уулын булшнаас 1949 онд олдсон Хүннү гүрний үед хамаарагдах /МЭӨ III/ зуун ширмэл ширдэг бол гоёл чимэглэлийн урлагийн нэн эртний үед үүсэлтэйн гэрч юм. Эсгий эдлэл дээрх цагаан, хүрэн хар, өнгийн хээ угалзыг тэмээний ноос болон адууны хялгасыг гурамсаж томсон зээг тавьсан байсан. Түүхийн хөгжлийн явцад торго,саа утас болон өөрчлөгджээ.
Үйл явц: Өгсөн мэдлэгээ тогтоцтой үлдээхийн тулд зээгт наамлын аргаар бэлдсэн цагаан цаасан дээр өнгийн цаасаар цэцэг навч болон янз бүрийн амьтдын дүрсийг хайчилж наах, идэвхитэй оролцож сайн зурсан хүүхдүүдийг плакат, ил захидал, номоор шагнаж урамшуулах.
Үр дүн: Энэхүү хөтөлбөрөөр хүүхдүүд Торгон зураг гэж нэрлэгдэх Зээгт наамлын урлагийн талаар мэдлэгтэй болж өөрсдөө дуурайлган хийж үзэх боломжтой юм.
Монголчуудын уран сайхны сэтгэлгээний уламжлалд тулгуурлаж торго, хоргойг нааж, зээглэх хатгамал зэрэг оёдлын аргаар гүйцэтгэсэн ардын урлагийн бүтээлийг зээгт наамал гэнэ. "Зээгт наамал"-ыг "Торгон зураг" хэмээн нэрлэсэн нь дүрслэл уран сайхны төгс илэрхийлэлээрээ зургаас дутахааргүй түвшинд гүйцэтгэлтэй байсан учраас урлагийн бие даасан төрөл болтлоо хөгжжээ.
Эртний хүмүүс эсгий, арьсаар хийсэн хувцас эдлэлээ, хээлж чимэглэж эхэлснээр наамал урлагийн эхлэл болжээ. Манай орны Ноён уулын булшнаас 1949 онд олдсон Хүннү гүрний үед хамаарагдах /МЭӨ III/ зуун ширмэл ширдэг бол гоёл чимэглэлийн урлагийн нэн эртний үед үүсэлтэйн гэрч юм. Эсгий эдлэл дээрх цагаан, хүрэн хар, өнгийн хээ угалзыг тэмээний ноос болон адууны хялгасыг гурамсаж томсон зээг тавьсан байсан. Түүхийн хөгжлийн явцад торго,саа утас болон өөрчлөгджээ.
Эрдэм шинжилгээний хурал, судалгаа
Музейн хэрэглэгддэг нэр томъёо
Сан хөмрөг: Музейгээс цуглуулан бүрдүүлж, бүртгэж, хадгалж байгаа гарал үүсэл, бүтсэн эд, хийсэн арга, цаг хугацаагаар ялгаатай, байгаль, түүх, соёл, урлаг, шинжлэх ухаан, музейн ач холбогдол бүхий төр, нийгэм, байгалийн түүх, ард түмний эдийн болон оюуны соёлын өвийн бодит ба бодит бус дурсгалт зүйлсийн цогц бүрдэл, Монгол улсын үндэсний эрхэм баялаг.
Сан хөмрөгт авах: Эд өлгийн зүйлийг сан хөмрөгт албан ёсоор авч, музей эзэмших эрхийг баталгаажуулах явцыг хэлнэ.
Өв дурсгалыг чухалчлах: Соёлын болон байгалийн өвийн нийгэм соёлын үүргийг нэмэгдүүлж олонд таниулах замаар тэдгээрийн хадгалалт, орчин үеийн соёлд нэвтэрүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа.
Музей: Нийгмийн хөгжилд үр нөлөө үзүүлэх, олон нийтэд нээлттэй, байнгын үйл ажиллагаатай, хүнийг гэгээрүүлэх, оюуны хэрэгцээг хангах зорилгоор хүн түүний амьдрах орчинтой холбоотой бодит гэрч болох зүйлийг цуглуулах, хадгалах, судлан шинэлэх, дэглэн үзүүлэх, сэргээн засварлах, сурталчлах үйл ажиллагаа явуулдаг ашгийн төлөө бус соёлын байгууллага.
Музейг удирдах байгууллага: Музейд бүрэн эрхийг нь олгож, бодлого, санхүүжилтийг нь шууд харъяалан удирдаж байгаа соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, орон нутгийн засаг захиргааны байгууллага.
Музейн удирдлага: Музейн өдөр тутмын, байнгын үйл ажиллагааг удирдан, зохицуулах зорилгоор холбогдох дээд байгууллагаас томилогдсон захирал түүний дэргэдэх зөвлөл.
Сан хөмрөгийн үндэс: Нийгмийн болон байгалийн үйл явдал, үзэгдлийг баримтжуулах чадвартай, анх байсан ахуйгаас нь салгаж авсан байгалийн болон түүх, соёлын дурсгалт зүйлс юм.
Сан хөмрөгийг иж бүрдүүлэлт: Салбарын шинжлэх ухаан, музей судлалын арга барилын зарчимд тулгуурлан зорилго чиглэлтэй, дэс дараалсан төлөвлөгөөтэйгөөр, музейн зүйлийг илрүүлж цуглуулан музейн цуглуулгыг бүрдүүлэх, нэмэгдүүлэх үйл ажиллагаа юм. Музейн сан хөмрөгийн бүрдүүлэлт нь музейн үүрэг, сан хөмрөг бүрдүүлэх эрдэм шинжилгээни төлөвлөлтөөс хамааран хэрэгжих зорилтот үйл ажиллагаа болдог.
Сан хөмрөгийн хадгалалт: Музейн үнэт зүйлсийг бүрэн бүтэн байлгах, тэдгээрийг гэмтэх, муудах, хуглайд алдахаас хамгаалах, цуглуулгыг үзүүлэх, судлахад тааламжтай нөхцлийг бий болгоход чиглэдэг.
Сан хөмрөгийн ангилал: Сан хөмрөгийн эд өлгийн зүйлийг ижил төстэй болон ялгаатай талаар нь буюу он цаг, газар зүй, нэр, сэдвийн дагуу эмхэлсэн зохион байгуулалтыг хэлнэ. Ангилал нь тухайн ангиллаар байхгүй үзмэр, эд зүйлийг тодруулж өгөх ач тустай.
Сан хөмрөгийн систематизаци: Ангиллын үндсэн дээр картлан төрөлжүүлж каталог бий болгоно.
Соёлын өв: Түүхэн тодорхой орон зай, цаг үеийг төлөөлж чадах түүх, соёл, урлаг, шинжлэх ухааны ач холбогдол бүхий эд өлгийн болон утга соёлын өвийн зүйлс.
Соёлын өвийг хамгаалах: Соёлын өвийг урт хугацаанд хадгалах зорилгоор зориулалтын тусгай орчинг бүрдүүлж хэрэгжүүлэх нэгдмэл үйл ажиллагаа.
Үндсэн сан хөмрөг: Музейн төрөл чиглэлд тохирсон эд өлөгийн зүйлсийг багтаасан сан хөмрөг.
Музейн эд өлгийн зүйл: Музейн үнэ цэнэ (эрдэм шинжилгээний, түүхэн, уран сайхны зэрэг) нь тогтоогдсон, оршин байсан газраас нь музейд авчирч, эрдэм шинжилгээ, техникийн хувьд боловсруулан цуглуулгад авсан эд зүйлийг хэлнэ. Мөн соёлын болон байгалийн хөдөлгөөнт эд зүйл, мэдлэг болон сэтгэл хөдлөлийн үүсвэр, музейн цуглуулгаар бий болгосон зүйлс ба нийгмийн ухамсарт мэдээлэл өгөх сайны үнэ цэнийг агуулж байдаг.
Музейн эд зүйлийн ангилал: Музейн сан хөмрөгийн эрдэм шинжилгээний үүднээс зохион байгуулах, музейн үзмэр, эд өлгийн зүйлийг түүх соёлын болон хууль, эрх зүйн ач холбогдлыг тэмдэглэх аргачлал, мөн тэдгээрийг хадгалах, ашиглах, судлахад дээд зэргээр судлах нөөцийг бий болгох. Музейн эд зүйлийн ангилалд эд зүйлийн хэв шинж, зүйл хэлбэр хоорондын зүй тогтолын уялдаа тодорно. Эд зүйлийн хэв шинж нийгэм соёлын мэдээллийг кодчлох замаар тодорхойлно.
Дурсгал(итал.memoruale, лат. memorialis) Дурсгалын, түүхэн үйл явдлын газарт эсвэл алдартай хүний амьдрал уран бүтээлд зориулан босгосон уран барилгын чуулган. Дурсгалт уран барилгын нийлэмж зохицол, тэр дундаа цэнгэлдэх, цэцэрлэгт хүрээлэн, жижиг уран барилгууд, сүрлэг уран барилгууд тооцогдоно. Дурсгалын зүйлд музей, шүтлэгийн байгууламжууд (сүм дугана, цаг, цамхаг) оршуулга зэрэг газрууд орно.
Үзмэр: Үзүүллэгийн харилцан идэвхтэй үйлчлэл бүхий хэсэг бөгөөд оюуны эрэлт хэрэгцээ, мэдээллийн эх сурвалж болох, хүний сэтгэл хөдлөлийг үүсгэгч соёлын өв.
Үзмэрийн хуулбар: Олшруулах зорилгоор дахин дууриалган хийсэн, эсвэл эх зүйлд холбоо хамаарал бүхий орлуулж болохын хувьд үндсэн сан хөмрөгт бүртгэгдэнэ.
Сэргээн засварлах: Үзмэрийг сэлбэх, сэргээн засварлах, нөхөн сэргээх, анхны дүр төрхөд нь оруулах, эвдрэл хуучралтыг зогсоох, хамгаалах зорилгоор явуулах мэргэжлийн үйл ажиллагаа.
Цуглуулга: Шинжлэх ухаан, нийгмийн хөгжилд туслах зорилгоор музейд цуглуулан хадгалж, мэдээлэл, мэдлэгийн эх сурвалж болгон түгээн дэлгэрүүлэхэд ашиглах шинжлэх ухаан, байгаль, түүх, соёл, урлагийн үнэт дурсгалт зүйлсийн цогцолбор.
Үзүүллэг: Музей сан хөмрөгтөө байгаа цуглуулгаас дизайн, гоо зүйн шаардлагын түвшинд шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхой агуулгыг илэрхийлэн тайлбар танилцуулгатай нийтэд дэлгэн үзүүлэх ажиллагаа.
Үзүүллэгийн үндсэн чиглэл: Музейн зорилго, сэдвийн дагуу үзүүллэгийн шинжлэх ухааны үндэслэл бүхий агуулга, уран сайхны шийдлийг тодорхойлсон баримт бичиг.
Сан хөмрөгийн бүртгэл: Музейн сан хөмрөг ба судалгааны үр дүнг музей эзэмших эрхийг хуулиар баталгаажуулахад чиглэгдсэн сан хөмрөгийн ажлын чиглэлийг хэлнэ. Музейн бүртгэлд эд зүйлийн цуглуулгын менежментийн тухай үндсэн мэдээлэл, түүний дотор тоо бүртгэл, аюулгүй байдал, хадгалалт хамгаалалтад шаардлагатай мэдээлэл тусгагддаг.
Сан хөмрөгийн баримтжуулалтын баримт бичиг: Музейн эд зүйлийн шинж чанарыг илрүүлэн, шинжлэх ухаан, эдийн болон оюуны соёлын түүхтэй харилцан холбогдох байдлыг илэрхийлсэн тодорхойлолт, гарал үүсэл, хадгалалтын байдал, сэргээн засварлалт, байршил болон бусад холбогдох мэдээлэл агуулагдана.
Сан хөмрөгийн баримтжуулалтын баримт бичиг нь тоо бүртгэлийн баримт бичгээс илүү өргөн ойлголт бөгөөд тоо бүртгэлийн баримт бичгээс гадна ангиллын схем, каталог, картын сан, заагч, тодорхой үзмэр, цуглуулгын нэг сэдэвт зохиол, өгүүлэл зэрэг судалгаа, нэмэлт мэдээллийн хавтас хувийн хэрэг (захиа, сонингийн хайчилбар, сэргээн засварласан баримт, гэрэл зураг, малтлагын тэмдэглэл) орно. Энэхүү баримт бичгийг үзүүллэг, тайлбар бэлтгэх, сан хөмрөгийн судалгаа хийх зэрэгт ашиглана.
Баримтжуулалт: Аливаа эд зүйл буюу цуглуулгад хамааралтай мэдээллийг цаасан болон цахим тээгч дээр буулгах, бүртгэх үйл явцыг хэлнэ.
Ерөнхий бүртгэл: Музейн сан хөмрөгт орж байгаа бүх зүйлд хөтлөгдөх үзмэрийн шинжлэх ухаан, соёл, музейн ач холбогдлыг тодорхойлон бүртэх, хадгалах ажлын эх үндэс нь бөгөөд өмчлөгчийг төлөөлж музей эзэмшигч болохыг баталгаажуулсан хууль эрх зүйн баримт үндсэн баримт бичиг мөн.
Сан хөмрөгт авсан бүртгэлийн дугаар: Эд өлгийн зүйлийн сан хөмрөгт оруулахад дэс дараалуулан өгөх дугаар. Эд өлгийн зүйл сан хөмрөгөөс хасагдсан тохиолдолд уг дугаарыг дахин хэрэглэхгүй.
Үзмэрийн хувийн дугаар: Эд өлгийн зүйл болон цуглуулгад музейн сан хөмрөгт хүлээн авсан дэс дарааллаар хувийн дугаар өгч Ерөнхий бүртгэлд бүртгэх ба хувийн дугаар нь музейн өмчлөл, эзэмглийн эрхийн баталгаажуулахаас гадна бүртгэл-мэдээллийн санчийн сан хөмрөгийн бүртгэх, хянах хэрэгсэл болно.
Эрдэм шинжилгээний төрөлжсөн бүртгэл: Музейн эд өлгийн зүйлийг судлан төрөлжүүлж, эрдэм шинжилгээний тодорхойлолт бүхий мэдээлэл бичсэн бүртгэлийг хэлнэ.
Эрдэм шинжилгээний тодорхойлолт: Эд өлгийн зүйлийн гарал үүсэл, шинж төлөвийг дэлгэрүүлэн тодорхойлсон эрдэм шинжилгээний тодорхойлолт
Эрдэм шинжилгээний каталог: Илүү бүрэн, гүйцэт мэдээлэл бөгөөд түүнд эд зүйлийн түүхэн ач холбогдлын тухай нэмэлт мэдээлэл байна.
Музейн эд зүйл, үзмэрийн мэдээллийн чадамж: Музейн үзмэр, эд өлгийн зүйлийн нүдэнд харагдах бүхийл л мэдээлэл, мөн далд мэдээллийг хэлнэ.
Музейн сан хөмрөгийн улсын каталог: Улсын чанартай бүх музейн үзмэр эд өлгийн зүйл, цуглуулгаын тухай мэдээ баримт. Энэхүү каталогид зөвхөн соёлын хүрээнд үйл ажиллагаагаа хэрэгжүүлдэг улсын бүхий л байгууллага хамрагдана.
Каталог: Сан ба үзмэрийн талаар мэдээллийг шуурхай олоход зориулагдана. Хэвлэгдсэн карт хэлбэрээр ба компьютерт хийгдсэн байна.
Мэдээллийн индекс гэдэг ойлголтод картын сан, ангиллын схем, цувралын индекс гэсэн зүйлүүд багтана.
Индекс:Мэдээллийг түргэн шуурхай, зөв дамжуулах, эх сурвалжаас олох зорилгоор сан хөмрөгийн бүртэл, үзмэрийн байршил зэргийг таних тэмдэг, үсгээр тэмдэглэхэд зориулагдана.
Картын сан нь: Үзмэрийн картыг тодорхой дарааллаар байрлуулан ангилж, системчлэн цэгцэлж, сан хөмрөг, эд өлгийн зүйлийг судлах, тодорхойлох, уялдаа холбоог илрүүлэх, ашиглах, шуурхай олоход зориулагдсан хайлт ашиглалтын тогтолцоо юм. Музейн эд өлгийн зүйлийн талаарх аливаа мэдээллийг авахын тулд ангиллын схем ба картын тогтолцоо хийнэ. Энэ тогтолцоог бий болгох ажлыг каталогжуулалт гэнэ. Ангиллын схемд картын санг үүсгэх зарчмыг тодорхойлж, ангиллын нэгжүүдийг бий болгоно. Ангиллыг схемчилж зураг маягаар буюу жагсаалт маягаар хийж болно. Тодорхой индекс тэмдэглэгээгээр хуваагдал бүрийг ангилалд тэмдэглэж, хуваагдал хоорондын харьцаа, хамаарлыг харуулна. Үүний тусламжтайгаар картыг санд байрлуулна.
Картын сангийн тогтолцоо нь цэгцтэй мэдлэгийг бий болгодог бөгөөд төрөл бүрийн заагч каталог, цуглуулгын каталог, үзэсгэлэнгийн каталог, лавлах, хөтөч танилцуулга хэвлүүлэн эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах бололцоо олгодог.
Код: Тэмдэг тэмдэгтийн нийлэмж бөгөөд мэдээлэл үүсгэх, дамжуулах, хадгалахын тулд тэмдэгтүүдийн (тоо, үсэг) тогтсон дүрмийн дагуу нэгтгэн үүсгэсэн цогц юм.
Музей судлалд уг нэр томъёог музейн үзэгч ба үзүүллэгийн хоорондын харилцааны явцад хэрэглэгдэх үзүүллэг зохион байгуулалтын дүрэм гэж ойлгоно. Код нь музейн хэлний бүрэлдэхүүн хэсэг юм.
Музейн үйл ажиллагааны мэдээллийн технологи: Цуглуулга, хадгалах, мэдээллийн бий болгох ажлыг хангадаг шинжлэх ухаан техникийн хүчин зүйлс, нөөц, арга зүй мөн эдгээрийн музей ба музейгээс гадна орчинд оршин тогтнож буй хэлбэр.
Мэдээллийн технологи нь гар ажиллагааг багасгах, мэдээллийн хүртээмжийг сайжруулах, эрэл хайлтын үр дүнтэй болгох (сан хөмрөгийн цахим хэлбэрт оруулах, музейн мэдээллийн цахим сан бий болгох), музейн үзүүллэгийг харилцааны болон мэдээлэл дамжуулах байдлыг нэмэгдүүлэх, түүнчлэн тоо үзүүлэлтээр өв дурсгалыг хадгалах зэрэгт чиглэсэн байна.
Урлагийг ойлгох нь цуврал лекц
Tанилцуулга
Урлагийг ойлгох нь цуврал лекцийг 2013 оноос хойш зохион байгуулж эхэлсэн бөгөөд их, дээд сургуулийн багш, эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүдийг урин лекц уншуулдаг билээ.
МОНГОЛЫН ХАДНЫ СҮГ ЗУРГИЙН ДҮРСЛЭЛИЙН АСУУДАЛД
УГЗ, Ph.D Г.АКИМ
2016.02.16
"Монголын хадны сүг зургийн дүрслэлийн асуудалд" УГЗ, Ph.D Г.Аким лекц уншина

"УРЛАГИЙН ТӨГСГӨЛ"
Ж.Бодьбаатар
2016.03.11
МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн багш, урлагийн түүхч Ж.Бодьбаатар “ УРЛАГИЙН ТӨГСГӨЛ” сэдвээр лекц уншиж хэлэлцүүлэг явуулна.

ДУНДАД ЗУУНЫ ҮЕИЙН МОНГОЛЧУУДЫН ХУВЦАСНЫ СУДАЛГАА"
У.Эрдэнэбат
2016.04.08
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музейгээс зохион байгуулж буй "Урлагийг ойлгох нь" цуврал лекцийн гурав дахь удаагийн зочиноор МУИС-ын багш, профессор У.Эрдэнэбат "Дундад зууны үеийн Монголчуудын хувцасны судалгаа" сэдвээр лекц уншина.

Танихгүй- Монгол хүний тухай орчин үеийн урлагийн дадлагаар судалсан нь
Ц.Цэндпүрэв
2016.05.6
Танихгүй -Монгол Хүний Тухай Орчин Үеийн Урлагийн Дадлагаар Судалсан нь: Их Британи, Монгол хоёрын дунд/ Stranger’s Identity Explored Through Contemporary Art Practice: In-Between Mongolia and the UK (2007-2012)
Уран бүтээлч-судлаач Ц.Цэндпүрэвийн бүтээл дээр суурилсан судалгаа нь ‘Танихгүй хүн’ [Stranger] (Щутц, 1944), ‘Танихгүй-бүтээлч’ [Stranger-artist], ‘Танихгүй-Монгол’ зэрэг [Stranger-Mongolian] зэрэг нийгмийн дүрүүдийг, өөрийн бодит амьдрал дээр хагас тулгуурлан, орчин үеийн урлагийн бүтээлч судалгааны аргачлалуудыг ашиглан, бүтээл хийх зорилготой байсан.Тэрээр ‘үйлдлийнсэтгэхүйнөнцөг’ буюу ‘experiential perspective’ (Стивинс, 1996) - г хэрэглэж, өөр хэл, соёл, нийгэмтэй дасан зохицох үйлявцыг, “өөрийн нийгэм дэх дүрээ алдах болонт үүнийгхайх” (Тринх, 1988) гэсэн маргаантай үзэлтэй уялдуулан, гол чиглэлээ болгон судалгаагаа хийсэн.
Дан ялангуяа, түүний бүтээл дээр суурилсан Докторын ажил нь урьд нь энэ маягаар судлагдаж байгаагүй орчин үеийн Монгол хүний нийгэм дэх дүр, Монгол хүний тухай Их Британи дахь ойлголтыгөөрчлөх, өөрөөр харуулах зорилготойгоор, орчин үеийн урлагийн бүтээлч судалгааны аргачлалуудыг ашигласан. Тэрээр Монголын орчин цагийн түүх, олон нийтийн мэдээлэл хэрэгслээр цацагдсан мэдээллээс гадна арьс өнгө, үндэс угсаа болон соёлын ялгаатай байдлуудаас шалтгаалан өөрт тохиолдсон бодит явдлуудаас судалгаандаа тусган, Монгол хүнийтухай тогтсон ойлголтыг эвдэхийг оролдсон.
Энэ судалгааны бас нэг чухал хэсэг нь түүний хувийн амьдрал болон аав, ээжийгээ уран бүтээлдээ оролцуулсан явдал бөгөөд, Монгол руу хийсэн дөрвөн удаагийн аялалыг мөн тусгаж, энэ бүхнээс үүдэн ‘Танихгүй-Монгол’ хүн хэрхэн тодорхойлогдож, өөрчлөгдөж байсан тухай бүтээлүүдээ харуулсан. Тэрээр мөн Николас Буйрриадын ‘соёлыннүүдэлчин’ болон ‘тогтсон ойлголтыг хэвшүүлэх’ зэрэг ойлголтуудыг Барууны бус орнуудын уран бүтээлчидтэй холбон үзсэн юм.
Тэрээр гэрэл зураг авах, перформанс хийх, баримтжуулах, инстолляц бүтээх, видео хийх, хүмүүсээс ярилцлагууд авах, хувийн амьдралын намтарыг ашиглах гэх мэтээр орчин үеийн урлагийн олон төрлийн бүтээлч судалгааны аргачлалуудыг ашиглан бүтээлээ хийдэг.

Уран бүтээлчдийн өрсөлдөөн ба онгод хийморь
Ярослав Шадрин
2016.05.13
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейгээс зохион байгуулж буй Урлагийг ойлгох нь цуврал лекцийн 5 дахь удаагийн зочноор "ДАЛИ БА ПИКАССО" үзэсгэлэнгийн ОХУ-н Үндэсний урлагийн сангийн ерөнхийлөгч, цуглуулагч, урлаг судлаач ЯРОСЛАВ Шадрин 2016 оны 05 сарын 13-ны 15:00 цагт "Уран бүтээлчдийн өрсөлдөөн ба онгод хийморь" сэдвээр унших гэж байна.

Соёмбо үсгийн гүн утгийн тайлбар" сэдэвт лекц
Ц.Мөнх-Эрдэнэ
2016.09.25
Өндөр Гэгээн Г.Занабазарын мэлмий гийсэн өдөрт зориулав.
Г.Занабазар нь Их Богд эзэн Чингис хааны алтан ургийн хаад Батмөнх даян хааны Гэрсэнз жалайр хунтайж, Онох Үйзэн, Абутай сайн хаан, Эрэхий мэргэн, түүний хүү Очирбат Түшээт хан Гомбодоржийн хүү болон 1635 оны насан төгөлдөр хөхөгчин гахай жилийн 9 сарын 25-ны өдөр мэндэлжээ. Тэрээр 1686 онд "СОЁМБО" үсгийг бүтээсэн билээ.
Дашчойлин хийд "Зүүн хүрээ" сургуулийн багш, хэл бичиг судлаач Ц.Мөнх-Эрдэнэ "СОЁМБО ҮСГИЙН ГҮН УТГИЙН ТАЙЛБАР" сэдэвт лекц уншина.

Дүрсэнд Тодрох Бурханы Сургааль
Ж.Лхагвадэмчиг
2016.10.14
Ж.Лхагвадэмчиг нь бурханы шашны судлаач бөгөөд Өндөр Гэгээн Занабазарын нэрэмжит Бурханы Шашны Их Сургууль, Энэтхэгийн Түвд Судлалын Их Сургууль, Хонгконгийн Их Сургуулийг тус тус дүүргэсэн. Одоо МУИС-ын Нийгэм Антропологийн тэнхмийн багшаар ажиллаж байна. Энэ удаа "Урлагийг ойлгох нь" цуврал лекцийн хүрээнд "ДҮРСЭНД ТОДРОХ БУРХАНЫ СУРГААЛЬ" сэдвээр лекц унших тул урлаг тэр дундаа Буддын урлаг сонирхогч та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Бурхан Бүтээх Аргын Төрөл
Д.Тулга
2016.10.28
Доржготовын Тулга Улаанбаатар хотод төрсөн. Монголын бурхан шашны урлахуй ухааны дээд сургуулийг 1996 онд “Буддын гүн ухаан судлаач, шүтээн урлаач” мэргэжлээр, 2000 онд Гандан Тэгчэнлин хийдийн дэргэдэх Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Монголын бурханы шашны дээд сургуулийг “Буддын гүн ухаан судлаач” мэргэжлээр төгссөн. Эх бичиг, судлалын магистр, МУИС-ийн урлаг судлалын докторант, 2000 оноос хойш багшилж, эдүгээ МБШДС-д үндсэн багш, “Монголын Бурхан Шашны Урлагийн Зөвлөх” НҮТББ-ыг үүсгэн байгуулж удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байна.

Орчин үеийн уран зургийг судалж, хамгаалах нь
Даун В. Рогала
2016.11.08
АНУ-н Смитсонийн Музейн үзмэр хадгалж хамгаалах институтын уран зураг сэргээн засварлагч доктор Даун В. Рогалагын зураач Ханс Хофманы бүтээлийн судалгаа болох "Орчин үеийн уран зургийг судалж хамгаалах нь" сэдэвт лекцээр та бүхэнд хүрч байна.
Ханс Хофман (1880-1966) нь Абстракт Экспрессионист туршилтанд оюун санаа болон бие махбодиороо холбоотой байсан. Орчин үеийн уран зургийг сэргээн засварлах явцад уран зураг сэргээн засварлагчдад тулгардаг нөхцлийн асуудлуудын олонх нь Абсракт Экспрессионист бүтээлд гарч ирдэг бөгөөд Хофман бол энэхүү онцгой түүхэн мөчийн хосгүй тусгал юм.
Хофман болон түүний Абстракт Экспрессионист нөхдийн хийсэн шинэ материалын нэгдэл дэх үл нийцлийн асуудлуудын гаргаж тавьсан Смитсонийн өмнөх судалгаан дээрээ тулгуурлаж хийсэн доктор Рогалагийн энэхүү шинэ судалгаа нь Нью Йорк хот болон Массачусетс мужийн Провинстаун дахь алдартай уран зургийн сургалтуудын үеэр болон түүний дараа Хофман материалыг хэрхэн ашиглаж байгаа байдлыг авч үзсэн байдаг. 500 гаруй будаг, цуулдасны дээжид хийсэн шинжилгээнээс цуглуулсан задлан шинжилгээний мэдээллийг ашигласан энэхүү презентаци нь уран бүтээлчийн карьерийнхээ сүүл үед ашиглаж байсан материал, бүтээж байсан стиль болон эдгээр сонголт нь Хофманы уран бүтээлийн урт хугацааны тогтвортой байдалд үзүүлсэн нөлөөний хоорондох харилцан хамааралд анхаарлаа хандуулж Хофман аж үйлдвэрийн будгийн төрлүүд болон орчин үеийн органик будагч бодисуудыг яаж ашиглаж байсныг нь авч үзэх болно.

Буддын гүн ухаан ба Дүрслэх урлаг
Ч.Хатанбаатар
2016.11.18
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейгээс зохион байгуулаж буй "УРЛАГИЙГ ОЙЛГОХ НЬ" цуврал лекцийн хүрээнд Монголын Буддын урлаг ба билэгдэл, сургаалийн талаар тухайлан гүн ухаан судлаач Ч.Хатанбаатар "БУДДЫН ГҮН УХААН БА ДҮРСЛЭХ УРЛАГ" сэдвээр лекц уншина.

Бүтээх Явцын Ард
Э.Жанцанхорол
2016.12.15
Э.Жанцанхорол "БҮТЭЭХ ЯВЦЫН АРД" лекцээр Орчин үеийн урлагийн нөлөө бүхий бүтээлүүдийн ард буй уран бүтээлчид хэрхэн бүтээлийнхээ хэллэгээ олж ажиллаж байна, юу нөлөөлж, юунд өдөөгдөж буй талаар харицуулан хэлэлцэх болно.

Монгол дээл хувцасны түүхэн хөгжил
Б.Сувд
2017.02.03
Монгол дээл хувцас ба түүний түүх нь Монголчуудын оюун санаа, урлахуйн арга барил, түүхэн замналын хөгжиж ирсэн нэгэн жишээ билээ. Үүнийг онол ба практикийн үүднээс тандан судалсан судлаач Б.Сувд (Ph.D,Проф) “Монгол дээл хувцасны түүхэн хөгжил ” сэдвээр Урлагийг ойлгох нь цуврал лекцийн хүрээнд уншина.

Монголын шашны тэргүүн Жавзандамбын дүрийн тухай
Д.Алтаннавч
2017.02.13
Урлаг судлаач Д.Алтаннавч "Монголын шашны тэргүүн Жавзандамбын дүрийн тухай " сэдвийг онцлон судалгааны ажлаас та бүхэнд толилуулах гэж байна.
Монголын ард түмний тусгаар тогтнолын тэмцлийн үед Монголын шашны тэргүүн байж ард түмнээ дэмжиж байснаараа Манжийн хаанаас хор хүртэж цаг бусаар 34 насандаа тэнгэрт хальсан 2-р Богд Жавзандамбын хөрөг дүрийг газрын болон төвд нэрээр нэрлэж устгалгүй авч үлдсэн хөрөг хадгалагдан үлджээ. Түүхэн баримтанд бараг дурсагддаггүй Монголд ирээд 42-хон хоноод тэнгэрт хальсан 6 настай 6-р Богдын хөрөг болох цорын ганц бүтээл музейд хадгалагдаж байдгаараа онцлогтой.
ХХ зууны эхэн үед Монголд үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн идэвхитэй өрнөж 8-р Богд Жавзандамбыг Олноо өргөгдсөн Богд хаант Монгол улсын шашин төрийг хослон баригч хэмжээлшгүй эрхт хаанаар өргөмжилсөн явдал байлаа.
8-р Богдын гэрэл зураг, бурханчилсан хөрөг зургууд манай музейн сан хөмрөгт байдаг бөгөөд эдгээрт эхлээд бурханчилсан хөрөг зурж байсан хожим нь Б.Шаравын бүтээлд бурханлиг хүний дүр төрхийг харуулахыг эрмэлзсэн анхны алхмууд хийж байснаараа онцлогтой.

Г.Занабазарын загвар хийцийн үүсэл гарал
Сурун-Ханда Сыртыпова
2017.02.21
Судлаач Сурун-Ханда Сыртыпова D.Sc энэ удаагийн УРЛАГИЙГ ОЙЛГОХ НЬ цуврал лекцийн хүрээнд өөрийн судалгааны ажлаас "ЗАНАБАЗАРЫН ЗАГВАР ХИЙЦИЙН ҮҮСЭЛ ГАРАЛ" сэдвээр лекц уншина.
Тэрээр түүхийн шинжлэх ухааны доктор, 100 орчим эрдэм шинжилгээний ажил бүтээл хэвлүүлсэн./Монгол, англи, түвд,буряд, герман хэл мэддэг/ Балдан лхам шүтээний тухай, Буддын шашны дүрслэх урлагийн хөгжилд өндөр гэгээн Занабазарын оруулсан хувь нэмэр, Юань улсын үеийн Монголын бурханы шашны урлаг зэрэг олон бүтээлээр танил болсон эрдэмтэн юм. Одоо ОХУ -ын Москва хотноо ажиллаж амьдардаг.

Баухаус 100: Хэв маяг эвдэгч урлагийн дэг сургууль
Аня Писке
2017.03.24
Германы урлаг судлаач Аня Писке энэ удаа "Баухаус 100 жил: ХЭВ МАЯГ ЭВДЭГЧ УРЛАГИЙН ДЭГ СУРГУУЛЬ " сэдвээр лекц хэлэлцүүлэг хийнэ.
2019 онд Баухаус-ын 100 жилийн ой тохиож байна. Герман улсын жижиг хот болох Веймарт энэхүү дүрслэх урлагийн дэг анхлан үүссэн түүхтэй, асар хурдтайгаар шинэ үзэл газар авч бүтээлийн санаа сэдэл болоод дизайн, архитектор, дүрслэх урлаг өөрчлөгдөж байв. Эхэн үедээ нийгэм хүн хоорондын харилцааг урлаг хэмээгч нэгтгэж байлаа. Сүүл үедээ урлаг ба технологийн харилцан нөлөөлөл нь орчин үеийн ойлголт болоод байна. Баухаус нь бидэнд орчин үеийн дизайн, архитектор, орчин үеийн урлагийг ойлгоход дөхөм болно гэдэгт итгэлтэй байна.

Музейн Боловсрол
С.Ариун
2017.05.12
Олон улсын музейн өдөрт зориулан Урлагийг ойлгох нь цуврал лекцэнд Нью-Йорк хот дахь Монголын холбоос байгууллагын үүсгэн байгуулагч, Монголын музейн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, менежментийн зөвлөх Санжаажамцын Ариун "МУЗЕЙН БОЛОВСРОЛ" сэдвээр лекц хэлэлцүүлнэ. Сэдвийн хүрээнд музей гэж юу вэ, музей хүмүүст яаж хүрдэг, музей нийгэмд ямар байр суурьтай байдаг, музейгээр дамжуулан олон нийт хүүхэд залуучуудын боловсролд оруулах хувь нэмэр, олон нийтийг музейд хэрхэн татах тухай АНУ-ын Нью-Йорк хотын Метрополитан, Рубин музейнүүдийн туршлагаас хуваалцана.
The Visual Landscape of Ulaanbaatar
Павэл Шчап
2017.09.13
Польш улсын Монголч эрдэмтэн доктарант Павэл Шчап "The Visual Landscape of Ulaanbaatar " судалгааны сэдвээр лекц уншина.
Павэл Шчап нь Варшавын Их Сургуулийн Дорно дахины судлалын Тэнхимийн Монгол Төвд Судлалын докторант. Улаанбаатар хотын засаг захиргааны нэгжийн үүсэл, хотын газар усны нэр, хотын орчинд зайн баримжааны асуудал, хот нутаг, Монголын хотжилтын үйл явцын түүх гэх мэт сэдвийг сонирхон судладаг. Ulaanbaatar Studies / Улаанбаатар Судлал төслөийн зохион байгуулагч юм.
Шинэ Цагийн Бясалгал-Норвегийн жишээн дээр
А.Болормаа
2017.12.15
Хүн амын хөгжил, эдийн засгийн тогтвортой байдал ба улс орны хөрөнгийн хэмжээ нь Урлаг соёлын хөгжил дэвшилтэй нягт холбоотой. Үүний жишээг түүхээс, өөр өөрсдийн эрин зуундаа соёлын төв болж байсан улс орнуудаас харж болно. Тэгвэл дэлхийн 10 баян орнуудын жагсаалтад байдаг Норвеги улс урлаг соёлын бодлогодоо хэрхэн ханддаг вэ? Галерэй, мүзейн тухай ойлголт ба үйл ажиллагааны онцлог, үзэгчийн боловсрол хандлагын талаар ярилцацгаая.
Урлагийг ойлгох нь цуврал лекцийн энэ удаагийн лекцэнд Норвеги улсын Галерэй, мүзейн сонин хачин ололттой зүйлсийн талаар тантай ярилцхаар уран бүтээлч А.Болормаа бидэнтэй уулзах гэж байна.

Богдын хүрээнээс үлдсэн өв соёлын зарим эд зүйлс
Кристина Телеки
2018.05.18
Олон Улсын Музейн өдрийг угтан "Урлагийг ойлгох нь цуврал лекц 2018" Энэ удаа Унгарын Өтвөш Лорандын Их Сургуулийн Монгол Судлалын Төвийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор ТЕЛЕКИ КРИСТИНА “Богдын хүрээнээс үлдсэн өв соёлын зарим эд зүйлс” сэдвээр лекц уншина.

ГОО ЗҮЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ
Б.Дэлгэрмаа
2018.10.26
МУИС-ийн философийн тэнхимийн багш философийн ухааны доктор Б.Дэлгэрмаа "ГОО ЗҮЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ" сэдвээр лекц уншина.
Философийн ухааны доктор Б.Дэлгэрмаа “Гоо зүйн тестүүд” (2001 он), “Сэргэн мандалтын үеийн соёл” (2002 он), “Буриадын түүх” (2004 он), “Хятадын Шанхай хот” (2006 он), “Германы сонгодог гоо зүй” (2007 он), “Гоо зүй” сурах бичиг (2011 он), “Урлагийн философи” (2012 он), “Кино ба ёс суртахуун” (2015 он), “Философи ба уран зохиол” (2016 он), “Инжаннашийн гүн ухаан - гоо зүйн үзэл” (2017 он) зэрэг 10 ном, сурах бичиг бичсэн, 30 гаруй өгүүлэл, илтгэл бичиж хэвлүүлсэн, 4 ном редакторласан.
EQ (Emotional quotient) ба “ME-WE”
Б.Намуун
2019.02.23
EQ (Сэтгэл хөдлөлөө удирдах чадамж) ба “ME-WE”
“Урлагийг ойлгох нь” цуврал лекцийн 2019 оны анхны зочноор Швейцарийн Элчин сайдын нэрэмжит урлагийн шагналын анхны эзэн зураач, гэрэл зурагчин, Дүрслэх урлагийн музейн тайлбарлагч Б.Намуун оролцох гэж байна.
Уг лекцээр энэхүү урлагийн шагналын хүрээнд Швейцарийн Урлаг, Дизайны сургуульд 3 сарын хугацаанд суралцсан тухай, тэнд туурвисан бүтээлийнхээ талаар хуваалцана.
Залуу уран бүтээлч Б.Намууны “ME-WE” концепц сэтгэл, бодлын гүнээс бясалгаж оршин буй өчүүхэн хэсэг үзэгдэл хормын өнгө хэлбэр хөдөлгөөнийг агуулгажуулсан байдал нь уран бүтээлчийн гоо зүйн төлөвшил нь энгийн зүйлээс эгэл бусыг олж харах сэтгэл зүйн онцлогийг илэрхийлж байна. Гоёчлох үзэл нүд хуурах арга барилаар хөөцөлдөөгүй энгийн шууд илэрхийлэл нь тун хөгжингүй сэтгэгдэл төрүүлнэ.
“Тунгаамал загвар” болон монгол бичгийн үсэг зүйн түүхэн хөгжлийн 800 түүх
Т.Жамьянсүрэн
2019.03.01
Та бүхнийг монгол үсгийн урлаг судлаач Т.Жамьянсүрэнгийн лекцэнд урьж байна. Т.Жамьянсүрэн нь монгол үсгийн урлагийг 20 гаруй жил дагнан судалсан бөгөөд 2012 онд каллиграфийн их мастер цолоор шагнагдсан юм.
Монгол үсгийн түүхийг сөхвөл мянгаад жилийн баялаг өв санг бидэнд өвлүүлсэн бөлгөө. Харин хийсвэр оюун ухааны хөгжил, хэрэглээ давамгайлсан өнөө цагт “хийсвэр оюунт машин”-д монгол үсгийг хэрхэн таниулах кодлох асуудлыг зөв шийдвэрлэх нь монгол үндэстний оюун санааны тусгаар тогтнол гэлтэй.
XIV зууны үеийн нэрт бичгийн хүмүүн Чойжи Одсэрийн туурвисан монгол хэл, бичгийн судлалын эх үндэс болсон “Зүрхэн тольт” хэмээх хэл зүйн бүтээлд тулгуурлаж, түүнээс хойш гарсан хэл шинжлэлийн болон сургалт судалгааны олон бүтээлийг харьцуулан нягталж боловсруулсан “Тунгаамал загвар” болон монгол бичгийн үсэг зүйн түүхэн хөгжлийн 800 түүхийг судалсан үр дүнгийн талаар ярилцах болно.

Лий Краснер, Жаксон Поллок, “Байгаль” Хэмээх Шинэ Концепц
Гэйл Левин
2019.06.29
АНУ-ын урлагийн түүхч, куратор, профессор Гэйл Левин "Лий Краснер, Жаксон Поллок, “Байгаль” Хэмээх Шинэ Концепц" сэдвээр лекц уншина.
Тэрбээр Фулбрайтын мэргэжилтний хөтөлбөрийн шугамаар Дүрслэх урлагийн музейд зочилж байгаа билээ.
Лекцийн хэсгээс та бүхэнд хүргэе:
Өнгөрөгч зууны урлагийн ертөнцийг хамгийн ихээр шуугиулж байсан хосууд бол Абсракт экпрессионизм урсгалыг үндэслэгчид Лий Краснер ба Жаксон Поллок нар байв.
Нэгэн удаа Лий Краснер өөрийн хүндэтгэдэг багш, найз Ханс Хоффмандаа шинээр танилцаад удаагүй байсан Жаксон Поллокын бүтээлүүдээс үзүүлсэн нь түүний бүтээлүүд хэр их сонирхлыг нь татаж байсныг илтгэнэ. Поллокын урланд нь ямар ч натюрморт, натур байхгүйг хараад
Хоффман: “Чи байгалиас (натур) зурдаг уу?” гэхэд
Поллок: “Би өөрөө байгаль!” хэмээжээ.
Ханс Хоффман: “Энэ чинь сайн хэрэг биш. Чи өөрийгөө давтах болно” хэмээн хэлж байв.
Хоффманы ангид Краснер абстракт зурж байсан ч натюрморт эсвэл натур зурж, бүтээлийнх нь эхлэл цэг нь бодит байгаль (натур) байлаа. Нэгэн өдөр ангидаа ирээд Краснер “Буруу байна! Бүх юм өөрчлөгдсөн байна!” хэмээн орилж, бухимджээ. Учир нь ангид байсан модель болж байсан эмэгтэй үсээ тайруулсан байсан бөгөөд энэ үл ялиг өөрчлөлт Краснерийн ажиглалтаараа буулгаж байсан абстракт зохиомжийг нь үгүй хийсэн удаатай.
Поллок Краснерын аль алиных нь уран бүтээл байгаль, байгалийн юмс үзэгдэлтэй холбоотой байсаар ирсэн. Хожим өгсөн ярилцлагадаа Краснер миний уран бүтээлд байгалийн элементууд бий гэхдээ зөвхөн шувуу, мод, ус гэдэг утгаараа бус. Байгаль гэхээр энерги, хөдөлгөөн, намайг тойрон өрнөж буй бүх зүйлсийг хэлнэ гэж хэлсэн байдаг. Тэрээр урлагийн илүү сүнслэг талыг сонирхож байв яг л 20-р зууны эхэн үед Василий Кандинский сонирхож байсантай адил. Урлаг өөрөө шашинлаг бөгөөд, шашинлаг ч байх ёстой гэж Краснер итгэдэг байжээ.
Поллок, Краснер нар өөр өөрийн арга барилаар байгальтай харьцсан байдаг. Тэд хар зурагнаас ажилддаггүй байсан ба Өдгөө ч тэдний арга барилыг шүүмжлэх нэгэн ч байхад , дэмжих нэгэн ч байжээ.
20-р зууны Америкийн урлагийн нэрт төлөөлөл болох Лий Краснер, Жаксон Поллок нарын хувьд, уран бүтээлд нь “Nature” “Байгаль” гэх консепц нь юуг илэрхийлж байсныг энэхүү лекцээс олж мэдээрэй.
Өрнийн урлаг дахь буколик, мал аж ахуйн эдийн засаг болон Монголд хийсэн ижил төстэй ажиглалтууд
Жон Ван Сикл
2019.07.03
ДУМ-н зүгээс зохион байгуулдаг Урлагийг ойлгох нь цуврал лекцийн дараагийн зочноор Доктор Жон Ван Сикл уригдан оролцож байгаа бөгөөд "Өрнийн урлаг дахь буколик, мал аж ахуйн эдийн засаг болон Монголд хийсэн ижил төстэй ажиглалтууд" сэдвээр олон нийтэд нээлттэй лекц уншина.
Лекц англи хэл дээр зохион байгуулагдана
2019 оны 7-р сарын 3-ны өдөр Дүрслэх урлагийн музейн Монгол Зургийн танхимд.
Доктор Жон Ван Сикл нь Бруклин Коллежийн хүндэт профессор бөгөөд Классик судлал буюу Эртний Грек, Ромын соёл, хэл, түүх болон мал аж ахуйн уламжлал судлаач билээ.
Боловсрол:
- Ph.D., Harvard University - 1966 (Classical Philology)
- M. A., University of Illinois - 1959 (Greek)
- A.B., Harvard College - 1958 (Litteris latinis)
- Судалгааны чиглэл: Классик судлал (Эртний Грек, Ром), Мал аж ахуйн уламжлал

















