card

Аль ч улс үндэстэн өөрийн түүх, соёл уламжлал, ёс заншил, авъяас ур ухааныг илэрхийлсэн гайхамшигт өв дурсгалуудыг туурвин үлдээдэг. Нэгэн цагт дэлхийн хэмжээний хүчирхэг төр улсыг байгуулж, дорно өрнийг холбосон шинэ соёл иргэшлийг бий болгосон Монголын ард түмэн балар эртнээс орчин цаг хүртэлх урт удаан хугацаанд дүрслэх урлагийн бүхий л төрлөөр давтагдашгүй уран сэтгэмж, өвөрмөц содон билэгдэл дүрслэл бүхий арвин дурсгалуудыг цогцлоон үлдээсэн нь үнэхээр бахархмаар билээ.

Нүүдэлчин амьдралын өвөрмөц онцлог, харь гүрнүүдийн халдлага дайралт,байгалийн гамшиг, соёлын өвийн хулгай дээрэм зэргээс болж, үе үеийн урчууд, авьяастан билэгтнүүдийн бүтээсэн олон үнэт дурсгал, алдагдсан, үрэгдсэн, устаж үгүй болсон хэдий ч, хойч үеийн үр сад болон дэлхийн олон үндэстнүүдийн өмнө дэлгэн үзүүлэхэд чамлахааргүй арвин их өв дурсгал, бидний үед хадгалагдан үлджээ. Тэр бүхний дээж, сор нь болсон 20,000 гаруй үнэт ховор үзмэр Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд хадгалагдаж буй бөгөөд үзмэрийн танхимд дэлгэн тавьснаасаа хэд дахин олон тооны ховор нандин бүтээл манай сан хөмрөгт хадгалагдаж байгааг дурдахад таатай байдаг.

Тус музейг үүсгэн зохион байгуулах ажил 1965 оноос эхлэж, 1966 оны 7-р сарын 23-ны өдөр анхны үзэгчдээ угтан авч, үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй. Нүүдлийн соёл иргэншлийн олон мянган жилийн түүхэн дурсгалууд, монголын ард түмний үе үеийн урчуудын хосгүй үнэт бүтээлүүдийг дотоод, гадаадын үзэгчдэд дэлгэн харуулж сурталчилдаг манай музей анх 300 гаруй үзвэртэй үүд хаалгаа нээж байсан бол, өнөөдөр монголын дүрслэх урлаг, нүүдэлчдийн соёл иргэншлийг сурталчлах, судлах, хамгаалах чиглэлээр дагнасан үйл ажиллагаа явуулдаг, үндэсний хэмжээний мэргэжлийн байгууллага болон бэхжсэн байна. 1989 онд тус орчин үеийн бүтээлийн хэсэг нь Уран зургийн галерей нэртэйгээр бие даан тусгаарлаж гарсан билээ. 1995 онд Өндөр гэгээн Г.Занабазарын мэндэлсний 360 жилийн ойгоор тус музейг, монголын шашин, төр, нийгмийн зүтгэлтэн,уран барималч, хэл шинжлэлтэн, соён гэгээрүүлэгч энэ их хүний нэрэмжит байгууллага болгосон юм.

Эдүгээ манай музей өөрийн сан хөмрөг болон үзүүллэгтээ нэн эртний үеэс ( МЭӨ 40 000 –10 0000 жил ) 20-р зууны эхэн үеийг хамарсан 20000 шахам үзмэр цуглуулгатай бөгөөд он дарааллын болон сэдэвчилсэн байдлаар төрөлжсөн 10 гаруй танхимд нийт үзмэрийнхээ 10 орчим хувийг дэлгэн үзүүлж байна. Одоогоор улсын хэмжээнд, түүх соёлын хосгүй үнэт ангилалд багтсан 200 орчим дурсгал байдгийн 70 орчим нь манай музейд хадгалагдаж байдаг. МЭӨ 2000 жилийн үед хамаарах янгирын толгойн дүрст бариултай хүрэл цутгамал илд, буган чулуун хөшөө, хадны сүг зурагнаас эхлээд есөн эрдэнийн болон шороон будгаар өнгө хослуулан зурсан бурхадын хөрөг,торгон зээгт наамал зэрэг дахин давтагдашгүй бүтээл дурсгалыг манай танхимд үзэн сэтгэл баясах боломжтой. Ган төмөр болон үнэт ховор металыг ширээх, цувих, цоолборлох хөөх хэлбэх зэрэг монгол дархны урлах эрдмийн гайхамшгийг илтгэн харуулсан хэт хутга, гаанс сэтгүүр, эмээл хазаарын чимэглэл, домбо, завьяа, Ерэнтэй дарханы урласан ган сийлбэрт хэт хутга, мөнгөн цутгуур, сангийн бойпор зэрэг үе үеийн урчуудын үнэт ховор бүтээлүүд манай сан хөмрөгт бий.

Дээрхи бүтээлүүдээс Өндөр гэгээн Г.Занабазарын “Цагаан дара эх” болон бусад бурхдын баримал хөргийн талаар онцгойлон өгүүлвээс зохилтой.Халхын өндөр гэгээн Г.Занабазар, тухайн цаг үедээ урлахуйн өндөр түвшинд хүрээд байсан гэгддэг буддын бурхан шүтээн бүтээх дэг сургуулийг хэд хэдэн чиглэлээр шинэ түвшинд гарган төгөлдөржүүлж чадсан гэж судлаачид үзэж байна.Урлахуйн технологийн талаас авч үзвэл, Цагаан дар эх болон бусад хөрөг баримлыг ямар ч залгаасгүй цул хүрлээр хөндий цутгаж, алтаар шармалдан өнгөлж, титэм, ээмэг зүүлт, бугуйвч, шагайвч болон суурийн иж бүрэн чимэглэлийг хөөмөл, цоолбор, сийлбэрийн аргаар чимэглэн гоёж, ялангуяа нимгэн торгомсог хувцас, нөмрөг, сэлт,түүний материаллаг бодит байдлыг үлэмж нарийн хэмжээ хэмнэлтэйгээр тодруулан бүтээсэн байна. Зохиомж дүрслэлийн тухайд Энэтхэг, Балба, Түвдийн бурхан дүрслэлийн тогтсон хатуу дэгийг ягштал барьсан хүмүүн бусын ихэмсэг хөндий төрхтэй дүрслэлээс татгалзаж, энэрэнгүй энгүүн, бодит амьдлаг шинж байдлыг шингээн монголжуу зөөлөн дүр байдлыг цогцлоон бий болгож үүгээрээ Г.Занабазар гэгээнтэн Азийн Микеланжело гэж судлаачдын дунд алдаршин дэлхийн хэмжээнд үнэлэгдсэн билээ.

Монгол зургийн тухай тодруулан өгүүлэхэд, бидний өвөг дээдэс, Хүннү, Сианби, Тоба, Түрэгийн их гүрний үеэс эхлэн ярих хэрэгтэй болно. Хүннү гүрний үеийн ширмэл ширдэгний зургийн ур хийцийн талаар олон урлаг судлаач, түүхчид бахархан үнэлсэн байдаг.Түүхэн урт хугацааны явцад буддын шашин, бурханы зураг урлалын дэг жаяг, Энэтхэг, Төвд Нанхиадын соёл, монгол уран зурагт ямар нэг байдлаар нөлөөлсөн хэдий ч монгол хүн, монгол ахуй, ёс заншил, байгаль орчин монгол уран зургийн бүтээлийн өвөрмөц өнгө төрхийг бүрдүүлж иржээ.

Арван есдүгээр зууны сүүлч хорьдугаар зууны эхэн үеийн монгол зураачдын шилдэг бүтээлүүдийг зөвхөн манай музейн танхимаас сонирхон үзэж болно. Тухайлбал алдарт цагаан Жамбын “Жаргалын найман морь”, “Дугар зайсан” зэрэг өвөрмөц содон зургууд, шүтээн зургийн монгол сургуулийн том төлөөлөгчид болох хүрээний алдарт урлаач Тавхайборын “Зэнэмэдэрийн баг”, Наймдугаар богдын зээгт наамал хөрөг, мөн үеийн урлаач Хасгомботой хамтран бүтээсэн Дүншигийн 35 бурхан, Зургаан гарт махгал, Балданлхам, уран Сүрэнгийн “Нархажид” бурханы улаан хуваар урласан бичил сийлбэр ( 1см х 1.3- 3 см ), нэрт бурханч, лавчин Пунцаг-осорын алдарт Жамсран бурханы цамын шүрэн баг, Намсрай бурханы шуумал, шинэ цагийн дүрслэх урлагийг үндэслэгчдийн нэг Марзан хэмээх Шаравын “Монголын нэг өдөр”, “Үрс гаргалт”, “Лхас хот” зэрэг үзмэрүүд нь өргөн олон үзэгчид төдийгүй үзэгчид, судлаачид, оюутан суралцагсдын анхаарлыг татаж байдаг.

Тус музейн үйл ажиллагааны нэг гол чиглэл нь гадаад харилцаа, гадаад сурталчилгааны ажил байдаг. Бид Америк, Герман, Япон, Франц, Голланд, Белги, Испани зэрэг орнуудад үзэсгэлэн гаргаж, монгол орон, монголын үе үеийн урчуудын шилдэг бүтээл дурсгалуудыг сурталчилж ирлээ. Манай гадаад урлагийн сан хөмрөгт Энэтхэг, Хятад, Орос, Япон, Солонгос зэрэг орнуудын зураач урчуудын бүтээл хадгалагдаж байгаа болно.

Мөн нүүдэлчдийн соёл, уран бүтээлийн өвийг хадгалах, хамгаалах, сурталчилах чиглэлээр олон улсын байгууллага, гадаад орнуудтай хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байна.

1965 оны 3 сарын 31-д Сайд нарын Зөвлөлийн “Дүрслэх Урлагийн Музей” байгуулах тухай 87-р тогтоол гаргасан.

1965 оны 4 сарын 15-нд Соёлын Яамны сайдын 37-р тушаал гарсан.

1966 оны 7 сарын 23-д анхны үзэгчдээ хүлээн авсан.

1966 онд “Дүрслэх Урлагийн Музей” 350 нэгж үзмэр бүтээлтэйгээр нээгджээ. Одоо төрөлжсөн 4 сан хөмрөгт 18000 гаруй үзмэр хадгалагдаж байна.

1989 онд Орчин үеийн зураач, уран бүтээлчдийн бүтээлүүдийг “Уран зургийн галерей” нэртэйгээр туурга тусгаарласан.

1991 онд Монголын “Театрын музей” тус музейгээс туурга тусгаарласан.

1996-2007 оны байдлаар Засгийн Газрын тогтоолоор 200 гаруй бүтээл ХОСГҮЙ ҮНЭТ ҮЗМЭРЭЭР батлагдсаны 68 нь тус музейд хадгалагддаг.

1995 онд улсын хэмжээнд алдарт уран барималч, Соён гэгээрүүлэгч, шашин төрийн тэргүүн, Өндөр гэгээн, Чингис хааны алтан ургийн удам, анхдугаар Богд Жавзандамба – Гомбодоржийн Занабазарын 360 жилийн ойгоор түүний нэрэмжит болгосон.

1966-1989 онуудад тухайн үеийн нэрээр Зөвлөлт Холбоот Улсын Москва, Ленинград, Киев, Ташкент, Баку, Улан-Удэ зэрэг хотод, социалист ах дүү орнуудын София, Братислав, Будапешт, Эрфурт зэрэг хотуудад өөрийн үзмэрээр үзэсгэлэн тогтмол гаргаж байсан.

1994 онд Франц Улсын Нийслэл Парисын “Гимэй”-н музейд “МОНГОЛЫН ЭРДЭНЭС” том хэмжээний үзэсгэлэнг анх удаа гаргасан. Энэхүү үзэсгэлэнгээс хойш “Монголын урлагийн сор бүтээлүүд” бүхий үзэсгэлэнг АНУ, Нидерланд, Солонгос, Хятад, Герман, Испани зэрэг орнуудад гаргасанаас 2002-2003 онд “Монголын орчин үеийн уран зураг” үзэсгэлэн Японд, Герман, Австри, Турк орнуудад зохиогдож буй “Чингис хаан ба түүнийг залгамжлагчид” үзэсгэлэнд амжилттай оролцсон байна.

Ертөнцийн буурал түүхэнд, нүүдэлчин ард түмний оюун билэг, авьяас чадлын тод мөрийг үлдээсэн монгол  мэргэд, хаад жанжид, алдар суутан цөөнгүй билээ. Тэдний нэг нь 17 дугаар зууны сүүлийн хагас  18 дугаар зууны эхэн үеийг дамнан амьдарсан Монголын их соён гийгүүлэгч, шашин төр, урлагийн зүтгэлтэн, олны дунд “Өндөр гэгээн” хэмээн өргөмжлөгдсөн анхдугаар богд, Жавзандамба хутагт Гомбодоржийн Занабазар билээ. Г.Занабазар хутагт нь их богд эзэн Чингис хааны алтан ургийн шууд удам Батмөнх даян хааны 7 дахь үе Түшээт хан Гомбодоржийнд 1635 оны насан төгөлдөр хөхөгчин гахай жилийн 9 дүгээр сарын 25-нд тэр үеийн Түшээт ханы нутаг Есөнзүйл гэдэг газар ( Одоогийн Өвөрхангай аймгийн Есөнзүйл сум )  мэндэлжээ. Түшээт ханы хүү Г.Занабазарыг 1640 онд 5 настайд нь Богд Жавзандамба хутагтын хувилгаанаар тодруулан анхдугаар богд, Монголын шарын шашны тэргүүнд өргөмжилжээ.

Г.Занабазар хутагт бага наснаасаа бурхан шашны сургааль номлол, зан үйл, дэг ёсонд суралцаж улмаар 1649 онд Цастын орон Түвдэд очиж Банчин богдод бараалхан шавь орж шашны их бага таван ухааныг гүнзгийрүүлэн судлаж, сав шим ертөнцийн эш онолд боловсрон буцаж иржээ. Залуу хутагт эх нутагтаа ирээд номын хүрээ хийд, шашны сургуулийг олноор байгуулж, шашин соёлыг дэлгэрүүлж, олны сэтгэл оюуныг дотроос нь гийгүүлэн, аядуу зөөлөн шинэ иргэншлийг төлөвшүүлэх замаар үндэсний эв эеийг бэхлэн, эртний хүчирхэг улс гэрээ сэргээн мандуулахыг эрмэлзсэн гэдэг. Өндөр гэгээн Г.Занабазар нь  монголын шарын тэргүүн төдийгүй  уран барималч, зураач, хэл шинжлэлтэн зэрэг олон талын авьяастай, шашин, төр, урлагийн том зүтгэлтэн, их соён гэгээрүүлэгч хүн байсан нь түүхэн баримт сурвалж болон бүтээл туурвилаас нь тод харагддаг. Өөр өөр цаг үед монгол, төвд хэлээр бичигдсэн Өндөр гэгээн Г.Занабазарын намтрын 15 эх бичмэл байх бөгөөд тэдгээрийн анхдагч бөгөөд хамгийн ул үндэс, эш тулгууртай нь, их богдтой нэгэн цаг үед амьдарч асан, түүний гарын шавь нарын нэг, их эрдэмтэн, халхын Зая бандида Лувсанпэрэнлэйн түвд хэлээр туурвисан ”Жавзундамба Лувсандамбийбалсанбо-гийн ердийн товч намтар”хэмээх зохиол гэж  судлаачид үздэг.Тэр бүтээлд дурдснаар Г.Занабазар нь “Эд болон амгалан жаргалангийн амтанд үл шунан, өөрөө бусдыг энэрэн нигүүлсэж, гэмт явдлыг төрөлхөөс боомтлон, уур хилэнг тэвчсэн хийгээд нөхөрлөвөөс амгалантай, ядуу буурайчуулд өглөгийн гарыг сунгасан, ном эрдмийг сурах нь аяндаа бүтэх мэт агаад, эхээс төрсөн нялхас хөхөө аяндаа олж амлах шиг заахын хэрэггүй түүнчлэн суралцсан болой” гэсэн байна.

Энэ их хүн монгол оронд буддын шашныг дэлгэрүүлэхийн төлөө нэгэн насны амьдралаа зориулсан хэдий ч, хэтийдсэн мухар сүсэг бишрэлийг үл таашаадаг байжээ. “Алив нэгэн зүхэлт шахалтгүйгээр өөрөө бишрэн дагаваас үйлийн цагаан буян тэр буй. Шавь олон та нар минь, хураавч магадтайяа барагдах эд өлгийн зүйлээ өглөгөөр хомсдуулах нь зохист сайн үйл бишээ. Сахилтан олон та минь, асрал энэрлээр бусдын өргөсөн зүйлийг бусдад өгч тэтгэвэл буяны мөр зохих буй” хэмээн зарлигдаж байжээ. Түүний намтар зохиолд, “Нүүр царай, бие тэгш, тэнэгэр, хэн боловч харсан нэгэн, энэ хүн эгэл бишээ гэж танин мэдэхүйц, үг зарлиг дэлдэх нь тод сонсголонтой агаад, огтын сүсэггүй хүн ч гэнэтэд сүсэг бишрэл эрхгүй  төрөөд сэтгэл зөөлөрч одно” хэмээн дурдсан байна.

Өндөр гэгээн Г.Занабазар нь буддын гүн ухаан, монгол төвдийн яруу найраг, хэл шинжлэл, урлахуйн ухааны хэд хэдэн төрлөөр мэргэжсэний дотор дүрслэх урлаг уран барималд түүний билэг авьяас илүү хурц тод илэрч байв. Түүний  өөрийн гараар туурвин бүтээсэн язгуурын 5 бурхан, “Цагаан дара эх”, “Ногоон дара эх”, “Бодь суварга” зэрэг хүрлээр цутгаж, алтаар шарсан барималууд, мөн өөрийн болон эх Ханджамцын хөрөг зураг зэрэг хосгүй үнэт бүтээл нь хадгалагдан ирсэн бөгөөд өнөөдөр Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей болон бусад зарим музейд дэлгэн үзүүлж, дотоод гадаадын үзэгчдийн нүдийг баясган, сэтгэлийг сэргээн шагшуулж байна. Дээрхи бүтээлүүдээс “Цагаан дара эх” болон бусад бурхдын баримал хөргийн талаар онцгойлон өгүүлвээс зохилтой.

Г.Занабазар гэгээн, тухайн цаг үедээ урлахуйн өндөр түвшинд хүрээд байсан буддын бурхан шүтээн бүтээх дэг сургуулийг хэд хэдэн чиглэлээр шинэ түвшинд гарган төгөлдөржүүлсэн  гэж судлаачид үздэг. Зохиомж дүрслэлийн тухайд Энэтхэг, Балба, Түвдийн бурхан дүрслэлийн тогтсон хатуу дэгийг ягштал барьсан хүмүүн бусын ихэмсэг хөндий төрхтэй дүрслэлээс татгалзаж, энэрэнгүй энгүүн, бодит амьдлаг шинж байдлыг шингээн монголжуу зөөлөн дүр байдлыг цогцлоон бий болгож үүгээрээ Г.Занабазар гэгээнтэн Азийн Микеланжело гэж судлаачдын дунд алдаршин дэлхийн урлагийн түүхнээ үнэлэгджээ. Урлахуйн технологи талаас авч үзвэл, Цагаан дар эх, Ногоон дара эх болон бусад хөрөг баримлыг цул хүрлээр ямар ч залгаасгүй хөндий цутгаж, алтаар шармалдан өнгөлж, титэм, ээмэг зүүлт, бугуйвч, шагайвч болон суурийн иж бүрэн чимэглэлийг хөөмөл, цоолбор, сийлбэрийн аргаар чимэглэн гоёж, ялангуяа нимгэн торгомсог хувцас, нөмрөг, сэлт,түүний материаллаг бодит байдлыг нь хоорондоо үл давтагдах өөр өөр арга хийц, үлэмж нарийн хэмжээ хэмнэлтэйгээр тодруулан бүтээсэн байна.

18 дугаар зууны үед зохиогдсон Энэтхэгийн нэгэн сударт “ Монголын их хувилгаан Г.Занабазарын бүтээсэн Дара эхийн мэлмий нь тэгш дэлгэр талибуун бөгөөд, угалзтай шулуун хамрыг тод сайхан гаргасан, нүүр дүүрэн мишээл болоод төв ихэмсэглэлийг уруулын дорхи ялимгүй инээмсэглэлд нь уусган шингээж, үе гишүүн бүхнийг нь ( гар, хөл,бие ) дэлгэн боловсорч буй найлзуур модон мэт орь залуугийн шинж төгс бүрдснээр бүтээжээ” хэмээн үнэлсэн байна. Тэр улс орноо соёлжуулан гэгээрүүлэхэд, шашны энэрэн нигүүлсэхүйн нөлөөг ашиглан үндэснийхээ нэгдмэл байдлыг бэхжүүлэх гэсэн тууштай санаа зоригийг  баримталж байжээ. Чухам энэ зорилгоор Соёмбо үсгийг зохиосон түүхтэй. Соёмбо нь өнөөг хүртэл Монгол үндэстэн мандан бадарч, өнө үүрд оршихыг өгүүлсэн монгол төр улсын билэгдэл болж байна.

 Нэгэн үе, Г.Занабазар хутагтыг, манжид  дагаар орж, монголын тусгаар тогтнолыг бусинуулсан гэж буруутган зүхдэг байсан бол өнөөдөр дотоод, гадаадын эрдэмтэн судлаачид энэ хүний монголын түүхэнд гүйцэтгэсэн үүргийг өөр өнцгөөс харж дүгнэдэг болж байна. Түүний үйл ажиллагааг 17 дугаар зууны сүүлийн хагасын Монгол орны гадаад, дотоод орчин нөхцөл, цэрэг, эдийн засгийн чадавхи зэрэг олон хүчин зүйлтэй холбон үзэж, эерэг бодит байдлаар хандах болжээ. Тэр үед монгол нутгийн умарт этгээдээс оросын түрэлт идэвхжин,Сибирийг эрхшээлдээ оруулж Байгаль нуурт тулж ирээд байв. Дорно этгээдэд Манж нар ид хүчээ авч, “шороон түмэн” хятадыг өвдөг дороо сөгдүүлж, далангаа сэтэлсэн их үерийн ус шиг түрхэрч байсан цаг. Монголын умарт хязгаарын үржил шимт “ногоон далай” болсон Сибирь нутгийг нь өм цөм залгин ирж яваа оросын түрэмгийлэгчдийг зогсоохоор Түшээт хан цэрэг хөдөлгөж, монголын морьт цэргийн сэлэмний хурц, хүлгийн хурдыг үзүүлэн элдэн хөөж байтал, Галдан бошигт халхад цэрэглэн довтолжээ. Ингэж цөөхөн монголын хөвүүдийн хайран халуун цус, төрсөн газар шороон дээрээ асгарч эхэлснээр оросын халдан түрэмгийлэгчдийг хиар цохиж явсан монголын морьт цэрэг, замын дундаас эргэж, хойт хязгаараа задгай орхин ирсэн нь түүхэн баримттай зүйл.

Энэ цаг үе бол Монголын буурал түүхийн хамгийн эмэгнэлтэй бараан өдрүүд байсан бөгөөд сүүлийн 60-70 жилд Өндөр гэгээн Г.Занабазар, түүний ах Түшээт хан Г.Чахундорж нар урвагч, Галдан бошигт эх оронч байсан мэтээр, харьцангуй ойрхны гэж хэлж болох, судалгааны баримт, эш  нотолгоо арвинтай бодит түүхийг гуйвуулж хэдэн үеийг төөрөлдүүлж ирсэн нь туйлын эмэгнэлтэй. Үнэндээ бол ойрдын хан ширээний төлөө зуун жилийн цус асгаруулсан тэмцэл савнаасаа хальж, халх ахан дүүсээ хядаж эхэлсэн түүхтэй. Галдан бошигт, элэг нэгт ах дүүстэйгээ хүч хавсран монголын голомтыг хамгаалах учиртай байсан бус уу. Гэтэл тэр, манжийн хаанд хандан. “Би, халхыг туулай хөөсөн нохой шиг элдээд танай хэрэмд очуулан оруулав. Зонховын шашныг хиртээсэн муу хүн, аливаад сайн үгүй, хоёрын хооронд амьтан Жавзандамбыг даран сөнөөвөл их улсын эзэн таны болон Далай ламын сэтгэл амар болох буй за” гэсэн бичиг хүсэлт бүхий элч илгээж байсан байдаг. Харин Манжийн хаан түүний эл үгэнд үл автан “Бидний угаас хүсэх нь халх ойрдууд харилцан зохицож эвтэй сайн аж төрөх нь сэтгэлд нийцэх буй. Эдүгээ Түшээт хан ба Жавзундамба хутагтыг барьж өгөх нь нэгэн талд хэлбэрсэн хэрэг бус уу” хэмээн няцаасан байдаг. Манжийн хааныг ятган санаагаа гүйцэлдүүлж чадаагүй Галдан арга барагдан Төвдийн далай ламд элч зарж, “Манжийг ятгаж өгч, миний хоёр дайсан Түшээт хан Занабазар хутагт нарыг хэрэмнээс гаргуулаад өгөөч” гэж хүссэн байдаг. Төвдийн Далай ламын шадар дэсрид Санзайжамц гэгч Галданы хүсэлтийг шуурхай ёсчлон гүйцэлдүүлж, ” Гагцхүү хүсэх нь Түшээт хан ба Жавзандамба хутагтыг Галданд барьж өгвөөс амьтан олонд тустай. Энэ хоёр хүний амийг би хариуцах буй” гэсэн бичиг илгээжээ. Манжийн хаан ч өнөөгийн бидний төсөөлдөг шиг тийм ч ойворгон зальхай амьтан байгаагүй бололтой.     “ Тэднийг барьж өшөөтэй хүнд нь өгвөөс би хэн болох билээ. Ерөөс ийм зүйлийг хүсэгч их лам гэж  байх уу. Ийм лам  яаж  хамаг амьтанд тус хаяж чадах. Миний дотор ингэж сэжиглэхийн тул тусгай зарлигийн бичиг бичиж илгээв” хэмээн эрс татгалзсан байдаг. Мөн Манжийн хааны санал, зуучлалтайгаар 1686 оны улаан барс жилийн намрын эхэн сард Халх Ойрдын эвлэрлийн чуулганыг Заг Байдрагийн хүрэн бэлчирт хийлгэсэн нь түүхэн бодитой үйл явдал. Харин Ойрд болоод Халхын гурван ханы эвлэрэн нэгдэх нь Галданы сэтгэлд нийцээгүйн тул, “ Тэр чуулган дээр Жавзандамба чи, далай ламын элчтэй зэрэгцэн суух хэн юм. Зүй нь чи тэр их ламд мөргөн ёслож  сөгдөн суух ёстой” гэхчлэн эсэргүүцэн дайрсан бичиг өргөж түүгээр шалтгаалан халх ойрдын хооронд дайн эхлүүлсэн нь хааж нуухын аргагүй тал талын нотолгоо баримттай явдал билээ.

Харин ч Өндөр гэгээн, халх өөлдийн үе дамжсан хонзон хямралыг эцэслүүлэн амирлуулахыг эрэлхийлсээр байсан бөгөөд 1696 онд “Жанлавцогзол” буюу “Цагийн байдалд зохилдуулсан залбирлын дээдийг хайрлагч” хэмээх алдарт сургаалиа айлдаж, баруун зүүн, умарт, өмнөд монгол түмэн бүгдээр амны уншлага болговоос зохилтойсон хэмээн зарлигдсан гэдэг.Тэр цагт хойноос Орос, өмнөөс Манжийн их хүч түрж, элэг угсаа нэгт ойрдууд тэр хоёроос ч илүү аюул учруулан цэрэглэн халдаж, эзэн Чингэсийн голомт, Гурван голын сав нутгийг самардан цусан зам татуулж нийт монголын аюулын үүдийг нээжээ. Орос, Хятад, Ойрод, цаг нь ирж хүч нь бүрдсэн  Манжаас, дээдсийн голомт Монголоо яаж хамгаалж үлдэхийг шийдэх  хүнд бэрх сорилт, Өндөр гэгээн Түшээт хан хоёрын толгой дээр буусан хэрэг.Тэгээд гэгээн хүний гэгээн ухаанаар тал талаас нь эрэгцүүлж тунгаасны эцэст, З талын аюул төдийгүй Манжийн аюулаас  Манжаар нь хамгаалуулан Монголоо авч үлдэх замыг сонгосон гэдэг. Энэ нь төдийлөн зөв зам биш ч гэсэн тэр цагт түүнээс илүү дээр нь байсангүй. Ахуй заншил, шашин өөр, ядуу агаад догшин түрэмгий, тэгээд ч олон он жил монголчуудын ноёрхолд байсан өширхөл нь арилаагүй Орост итгэх аргагүй байж. Ойрдуудтойгоо хүч хавсрах цор ганц боломжийг нь Галдан хаачихсан байлаа.

 Өндөр гэгээн тэр үед, одоогийн манай гуйвуулсан түүхэнд бичдэг шиг, урваж давхиж очоод Манжийн эзэмшилд шууд орчихсон ч юм биш ажээ. Олон удаагийн яриа зөвшлийн эцэст 1691онд Долнуурын хэлэлцээрийг хийж, тус тусдаа хатуу үүрэг харилцан хүлээсэн вассаль буюу түшмэг улс болж өөрийгөө хамгаалуулсан учиртай. Тэр үүргийн дотор, хятадын тариачид бослого тэмцэл гаргавал монгол улс морьт цэрэг хөдөлгөн дарж өгнө. Халх монголын нутагт гаднын хүчин халдвал манж гүрэн цэргийн хүчээр хамгаална. Монгол нутагт хятад хүн байнга оршин суух, газар хагалж тариа тарих, монгол хүнтэй гэрлэхийг манжийн хуулиар хориглоно гэсэн хатуу заалт орсон байдаг. Одоогийн хэллэгээр бол хоёр тал, тус тусын хүлээсэн үүргээ 210 гаруй жил биелүүлж чадсан байна. Харин 1900 оны үеэс Манжийн төрийн хүчин сульдан доройтсон цагт, хятад түшмэлүүдийн явуулга, шаардлагаар “ Шинэ засгийн бодлого” гээчийг хэрэгжүүлснээр л манай зарим нутагт хятад иргэд сууршин тариа ногоо  тарьж, монгол эхнэр авч эхэлсэн түүхтэй. Монголчуудын хувьд манж гүрэн үгүй болох хүртэл хүлээсэн үүргээ биелүүлсэн гэх бөгөөд 1910 онд хятадын бослого эхлэхэд, морьт цэрэг хөдөлгөх шаардлагатай эсэхийг лавласан бичгийг манжийн хаанд илгээж байсан баримт үлджээ.

Албан ёсоор баримтжин тэмдэглэгдснээр 2220 жилийн тэртээгээс тоолж буй монголын төрт улсын түүхийн бичлэг дэхь, андуу зөрүүтэй ойлголт, санаатай болон санамсаргүйгээр гуйвуулж завхруулсан үнэлгээ дүгнэлтийг засч залруулах зорилтын дотор Өндөр гэгээн Г.Занабазарын монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, тухайн үеийн Монгол Манжийн харилцааны талаархи үнэлгээ, дүгнэлтийг шинэ үзэл баримтлалаар тодорхойлох явдал манай үеийн түүхчдийн хойшлуулшгүй ажил болох билээ.

Өндөр гэгээн, бараг ер хүрч насласан ч цагийн эрх, хувь заяаны тохиолоор амьдралынхаа сүүлийн өдрүүдийг хүний нутагт өнгөрөөн 1723 онд Бээжингийн Шар сүмд ертөнцийн мөнх бусыг үзүүлж насан эцэслэжээ. Өндөр богдын шарилыг эх нутагт нь хүндэтгэлтэйгээр залж авчран түүний өөрийн орон Их хүрээнд гол шүтээн болгон залж байгаад 1778 оны шороон нохой жил Амарбаясгалант хийдэд мөнгөн сувраганд шүншиглэн оршоосон гэдэг.

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей байрлаж байгаа барилга нь 1905 онд баригдсан, нийслэл хүрээний анхны европ загварын хоёр давхар барилгуудын юм. Дүрслэх урлагийн музейн барилгад хэд хэдэн удаа засвар хийсэн болорвч анхны хийцийг бүрэн хадгалж ирсэн, улсын хамгаалалтанд байдаг түүхэн дурсгалт барилга юм.

Энэ барилгыг анх 1905 онд оросын худалдаачин Гудвинцал ( худам монгол бичгээс буулгахдаа буруу тэмдэглэсэн байж болох) гэдэг хүн оросын худалдааны төвийн зориулалтаар бариулсан гэдэг. Уг барилга анхны жилүүдэд орос худалдааны төвийн зориулалтаар ашиглагдаж байгаад 1920 онд хятадын банк, 1921 оны дунд үеэс Зөвлөлт оросын улаан цэргийн штабын байр, 1931 оноос Улсын их дэлгүүр,1961 оноос Урчуудын Эвлэлийн Хороо байрлаж ирсэн бөгөөд 1966 оноос Дүрслэх урлагийн музейн байр болсон түүхтэй.

Музейн барилгын үндсэн хэсэг нь 2 давхар, зүүн хойт жигүүртээ 3 давхар бөгөөд чулуун суурьтай тоосго мод хослуулсан угсарсан зузаан хана, газрын давхар бүхий өвөрмөц хийцтэй. Энэхүү эртний барилга, нүүрэн талаасаа жижиг цомхон мэт харагдах хэдий ч уртаашаа 67 метр, зүүн жигүүр нь Г маягийн өргөтгөл хэсэгтэй, үзмэр үзүүллэгийн танхимууд, 4 сан хөмрөг, захиргаа аж ахуйн хэсэгтэй харьцангуй зай талбай томтойгоороо өвөрмөц. Барилгын хана суурийн угсралт, бэхэлгээг нь тухайн үеийн нарийн технологиор хийсэн учир өнөөг хүртэл ямар нэгэн цууралт хазайлт үүсээгүй байна. Хамгийн сүүлийн, гадна талын засвар, будаг заслын ажил 2010 онд хийгдсэн болно.

Хүсэлт илгээх