card

Сан хөмрөг

Манай музей өөрийн сан хөмрөг болон үзүүллэгтээ нэн эртний үеэс (МЭӨ 40 000 – 10 0000 жил) 20-р зууны эхэн үеийг хамарсан 20,000 шахам үзмэр цуглуулгатай бөгөөд он дарааллын болон сэдэвчилсэн байдлаар төрөлжсөн 10 гаруй танхимд нийт үзмэрийнхээ 10 орчим хувийг дэлгэн үзүүлж байна. Одоогоор улсын хэмжээнд, түүх соёлын хосгүй үнэт ангилалд багтсан 200 орчим дурсгал байдгийн 71 нь манай музейд хадгалагдаж байдаг. МЭӨ 2000 жилийн үед хамаарах янгирын толгойн дүрст бариултай хүрэл цутгамал илд, буган чулуун хөшөө, хадны сүг зурагнаас эхлээд есөн эрдэнийн болон шороон будгаар өнгө хослуулан зурсан бурхадын хөрөг,торгон зээгт наамал зэрэг дахин давтагдашгүй бүтээл дурсгалыг манай танхимд үзэн сэтгэл баясах боломжтой.

Музейн үзмэрийн баяжилт, сан хөмрөгийн бүрдүүлэлт:

Дүрслэх урлагийн музей анх байгуулагдах үед Улсын төв музей, Богд хааны музей, Чойжин ламын сүм музей зэрэг байгууллагуудаас 90 орчим үзмэр, эд зүйлийг шилжүүлэн авч, Монголын урчуудын эвлэлийн хорооноос тухайн үеийн зураач, урчуудын уран бүтээлийг сонгон авч музейн сан хөмрөгт шилжүүлсэн байна. Тэр үеэс эхлэн музейн сан хөмрөгт үзмэр, эд зүйл цуглуулах ажлыг байнга зохион байгуулж хот, хөдөөд эрэл хайгуул хийх, ард олноос урлаг, уран сайхан, түүх, угсаатны зүйн эд зүйлсийг худалдан авах зэргээр сан хөмрөгийг бүрдүүлжээ. Сан хөмрөгийн баяжилтад онцгой анхаарч анх 1966 оны 6-р сарын 15-ны өдөр “Үзмэр худалдан авах, үнэ тогтоох” комиссын хурлын 1-р протоколоор шашны холбогдолтой XVIII-XIX зууны үеийн танка, зээгт наамал, цутгуур бурхан зэрэг нийт 29 ширхэг үзмэр, эд зүйлийг худалдан авч, анхныхаа цуглуулгыг бүрдүүлж байсан байна.

Музейн үзмэр цуглуулгыг хувь хүнээс худалдан авах, бэлэг хандив, тусгай бүртгэлээр шилжүүлж авах (Гандантэгчинлэн хийд, Сүм музей, Богд хааны ордон музей, Гаалийн хэрэг эрхлэх газар, Улсын мөрдөн байцаах газрын Хэрэг эрхлэх газар) зэргээр бүрдүүлж байжээ. Тухайлбал: 1975 оны 10-р сарын 31-ний өдөр Гандантэгчинлэн хийдээс 187 дэсийн 352 тоо ширхэг бүхий шашин номын холбогдолтой эд хэрэглэл” шилжин ирж, 1978 оны 12-р сарын 12-ны өдрийн 31-р тусгай актаар бүртгэлд бүртгэгдсэн бол 1967 оны 12-р сарын 21-ний өдөр Гаалийн хэрэг эрхлэх газраас 101 дэсийн 103 тоо ширхэг бүхий үзмэр, эд зүйл  шилжин  ирснийг 1969 оны 2-р сарын 17-нд Дүрслэх урлагийн музейн “Үзмэр худалдан авах үнэ тогтоох” комиссын 40-р тогтоолоор сан хөмрөгт бүртгэн авсан байна. Мөн тэр үеийн нэртэй зураач, уран бүтээлчид болох Н.Цүлтэм, О.Цэвэгжав, Л.Гаваа, Г.Одон, Ү.Ядамсүрэн, барималч н.Даваацэрэн нар өөрсдийн цуглуулгаасаа музейд бэлэглэх, худалдах ажлыг зохион байгуулснаар нэлээд үзмэр, эд зүйл хуримтлагдсан байна.

Дүрслэх урлагийн музей байгуулагдсан цагаасаа эхлэн музейн ажилчид бие дааж  үзмэр, эд зүйл худалдан авч, цуглуулах ажлыг хийж байгаад 1973 онд Соёлын яамны харъяа “Музей удирдах газар” байгуулагдсанаар хайгуул цуглуулгын ажлыг өргөн хэмжээтэй зохион байгуулах болж, зөвхөн Дүрслэх урлагийн музей ч төдийггүй улсын хэмжээний, гэхдээ томоохон музейнүүдэд зориулан үзмэр цуглуулах ажлыг хийх болсон байна. Музей удирдах газар байгуулагдсанаар музейнүүд нэгдмэл нэг удирдлага доор үйл ажиллагаа явуулах болсон. Улсын чанартай музейнүүдийн сан хөмрөгт авах үзмэр, эд зүйлийг уг газрын дэргэдэх “Үзмэр худалдан авах, үнэ тогтоох” комиссын хурлын шийдвэрээр худалдан авах болжээ. Тухайлбал: Дүрслэх урлагийн музейд дүрслэх урлаг, ардын гар урлал, шашны урлаг, урлагийн түүхтэй холбоотой үзмэр, эд зүйлсийг хуваарилдаг байжээ. 1973 оноос 1977 оны хооронд нийт 457 ширхэг үзмэр, эд зүйлийг худалдан авсан бол 2008 онд Дүрслэх урлагийн музейн дэргэдэх “Үзмэр худалдан авах, үнэ тогтоох комисс”-ын хурлаар нийт 16 дэсийн 17 ширхэг үзмэр эд зүйлийг худалдан авсан. Дүрслэх урлагийн музей анх байгуулагдахдаа 300 гаруй үзмэр, эд зүйлтэй байсан бол 1972 онд 2389 нэгж ширхэг, 1979-1989 оны сан хөмрөгийн тооллогоор 14475 нэгж ширхэг, 1998-1999 оны сан хөмрөгийн улсын тооллогоор 12700 нэгж ширхэг, 2007-2008 оны сан хөмрөгийн улсын тооллогоо 17840 нэгж ширхэг үзмэр, эд зүйлс тоологдсон байна.

1972-1989 онд худалдан авсан дүрслэх урлагийн бүтээлүүд нийт 14475 нэгж ширхэг буюу сан хөмрөгийн 30% -ийг эзэлдэг байсан бол 1998 онд сан хөмрөгийн үзмэр, эд зүйл 12700 нэгж ширхэг болон буурсан байна. Энэ нь 1989 онд орчин үеийн дүрслэх урлагийн 2000 гаруй нэгж бүтээлийг Монголын уран зургийн галерейд шилжүүлсэнтэй холбоотой. 2008 оны сан хөмрөгийн улсын тооллогоор шинээр нэмэгдсэн нийт үзмэр, эд зүйлийн 37%-ийг эзэлж байв. Харин 2012-2013 оны сан хөмрөгийн улсын тооллогоор үзмэр, эд зүйлийн тоо буурсан нь тоон дүн гаргах аргачлал өөрчлөгдсөнтэй холбоотой гэж үзэж байна.

Дүрслэх урлагийн музей нь нийт зургаан сан хөмрөг, 12 үзүүллэгийн танхимд үзмэр, эд хадгалагдаж, материалаар нь хатуу ба зөөлөн эдлэлийн, гадаадын урлагийн сан хөмрөг гэж ангилдаг.

  1. Зөөлөн эдлэлийн сан хөмрөгт: зээгт наамал, хувцас хэрэглэл, шүтээн зураг, монгол зураг, дардас, зураасан зураг, судар номын эд өлгийн зүйлс.
  2. Хатуу эдлэлийн сан хөмрөгт: мод, чулуу, шавар болон янз бүрийн матеал эдээс бүтээгдсэн эд өлгийн зүйлс.
  3. Гадаадын урлагийн сан хөмрөгт: Ази, Европын зарим орнуудын гар урлалын бүтээлүүд, дэлхийн сонгодог зураачдын уран зургуудын плакат зэрэг үзмэр цуглуулгаас бүрдэнэ.
Image

Монгол зураг

Image

Цам

Image

Лойлон

Image

Зээгт наамал

Image

Шүтээн зураг

Image

Г.Занабазарын урлаг

Image

Барлах болон зураасан зураг

Image

Ардын урлаг

Image

Эртний урлаг

Хүсэлт илгээх