Г.Занабазарын урлаг

Tанилцуулга

Уран барималч, зураач, архитекторч, хэл шинжээч, гүн ухаантан Г.Занабазар дундад зууны үеийн монголын соёл, урлагийг сэргэн мандахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан хүн юм.

Тэрээр Богд эзэн Чингис хааны алтан ургийн язгуур сурвалжтан Автайсан хааны хүү Түшээт хан Гомбодоржийн гэрт 1635 онд одоогийн Өвөрхангай аймгийн Есөн зүйл гэдэг газар мэндэлжээ. Түүнийг 5 настайд нь халхын 7 хошууны монголчууд чуулган чуулж зөвлөлдөн Монголын шарын шашны тэргүүн Богд Жавзандамба хутагтын ширээнд тодруулан залжээ.

Г.Занабазарын авъяас билиг хүүхэд ахуйгаасаа тодорч гүн ухаан, яруу найраг, урлах эрдэм ухааны олон төрөлд мэргэжсэний дотор дүрслэх урлагт илүү гарамгай байсан тухай тэмдэглэгдэн үлджээ.

Г.Занабазар урлахуйн өндөр түвшинд хүрээд байсан бурхан бүтээх дэг жаягийг төгөлдөржүүлэн, өөрийн дэг сургуулийг бий болгон, дүрслэлийн тогтсон хатуу дэгийг ягштал барьсан ихэмсэг хөндий төрхтэй дүрслэлээс татгалзаж, энгүүн энэрэнгүй, бодит амьдлаг шинж байдлыг шингээсэн, монголжуу зөөлөн дүр байдлыг цогцлоон бий болгосон Очирдара, Майдар, Цагаан Ногоон дара эх, Язгуурын таван бурхан, Бодь суварга, Жанрайсиг бурхан гээд олон бурхад бүтээсэн нь дэлхийн хэмжээнд үнэлэгдэж, Азийн Микеланжело хэмээн алдаршсан билээ. Өрнө, Дорнын барималын урлагт том хэмжээний барималыг гол төлөв хэсэгчлэн цутгаад, дараа нь угсарч нэгтгэх аргаар нэгтгэх аргаар хийдэг бол Занабазар өөрийн бүтээлүүдээ туурвих явцдаа хүрэл цутгамалын “нэрэх” арга гэдэг өвөрмөц аргыг нээсэн ажээ.

Г. Занабазарын уран бүтээл буддын гүн ухаан, үлгэр домгоос эх сурвалжтай бөгөөд угтаа бурханы дүрээр хүний оюун ухаан, бие бялдрын гоо сайхныг магтан дуулж, нөгөө талаас дундад зууны бурангуй ёс, муу муухай бүхнийг сэтгэлээрээ тэвчиж ялах агуу их хүч чадлын ариун дээд илэрхийлэл гэлтэй.

Занабазарын танхимд үзэгч Та хүний амьдрал, тэмцлийн нарийн төвөгтэй асуудал болон аливаа нүгэл хилэнцийн үндэс гэгдэх уур хилэн, мунхаг харанхуй, шунал, тачаал, харам сэтгэл, атаа жөтөө гэх таван “хорыг” тэвчиж ялах сэтгэлийн ариун ёсыг бэлэгдсэн “Язгуурын таван бурхан” цувралын дөрвийг нь харахын зэрэгцээ монгол бүсгүй хүний гоо сайхны сонгодог дүр “Цагаан дара эх”, “Өөрийн хөрөг”, “Эхийн хөрөг” зэрэг дүрслэх урлагийн сор болсон “хосгүй үнэт” бүтээлүүдийг харах болно.

Мөн 1686 онд Г.Занабазарын зохиосон “Соёмбо” үсгийн цагаан толгой, түүний титэм үсэг “Соёмбо” буюу монгол улсын тусгаар тогтнолын бэлэг тэмдгийг эндээс харж болно.

Өндөг гэгээн Занабазарын бичиг соёлын болон дүрслэх урлагийн хосгүй бүтээлүүд өөрийг нь төдийгүй Монгол улсын нэрийг дэлхий дахинаа дуурсгаж байна.

1995 онд Г.Занабазарын мэндэлсний 360 жилийн ойгоор Дүрслэх урлагийн музейг энэхүү алдарт хүний нэрээр нэрлэх болсон нь түүнийг Монголын дүрслэх урлагийн өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн уртад мөнхжүүлэн алдаршуулж буй хэрэг билээ.

Онцлох үзмэрүүд

Язгуурын таван бурхан

Лянхуа цэцэг бүрхсэн том дугуй суурин дээр ваджра буюу очир суудлаар /заримдаа йог суудал ч гэж нэрлэдэг/ сууж бодит ертөнцөөс  тасран ангижирч, бодол сэтгэлээ хязгааргүй их орон зайн бичил цэгт төвлөрүүлэн, бясалгалын дүрээр цогцлон байгаа Язгуурын таван буддаг зэрвэсхэн харахад хоорондоо маш адилхан боловч гарынхаа хөдөлгөөнөөр эрс ялгаатай. Харин сайтар ажваас тэдгээр хөрөг дүрүүдийн нүүрний хувирал, нүдний харцанд нэгэн үе тодорч, нэгэн үе арилж байгаа цаглашгүй сэтгэлгээний нарийн бясалгал, бодол санаагаа зангидан төвлөрүүлсэн их орон цагийн айзам хэмнэлийг мэдэрч болно. Өндөр нь 72см, өргөн нь 46см-ийн хэмжээтэй ийм том хөрөг барималуудыг хүрлээр нэгэн бүхэл цул атлаа хөндий цутгаж, алтаар шарсан хийгээд хэвнээсээ  эх биетэйгээ хамт цутгагдан гарсан духны чимэг, ээмэг зүүлт, бугуйвч, шагайвч болон суурины иж бүрэн чимэглэлийг уран хөөмөл, цоолтборын аргаар тодруулж, ялангуяа тэдгээрийн нимгэн торгомсог хувцасны хээ угалз, материаллаг чанарыг маш нарийн урлаг төгс гаргасан нь үнэхээрийн гайхамшигтай харагддаг.

Эндээс Г.Занабазар дүрслэлийн ерөнхийлөх, нарийвчлах арга ухааныг маш чадварлаг эзэмшсэн том мастер болох нь илт ажиглагдана. Түүний энэ цуврал бүтээлүүдийг харахад бие, хэл, сэтгэл, эрдэм, үйлс, арван хуруу шиг тэгш цогцолсон цэвэрхэн гоолиг, эрүүл чийрэг бие бялдартай, төлөв даруухан идэрмэг хүмүүсийн нүдэнд дулаахан дүр тодорно.

Бодь суварга

Эртний Энэтхэг оронд бурхан багш Шагжамунийн амьдралд тохиолдсон гол гол үйл явдлуудыг тэмдэглэж, түүхэн газруудаар босгосон дурсгалын өндөрлөгийг суврага гэж нэрлэдэг. Монголд XYI зууны үеэс эхлэн суварга бүтээж байжээ.

Г.Занабазарын бүтээсэн “Бодь суврага”-ыг “бурхан багшийн Наразана гол дээр шимнусын аймгийг номхотносны дурсгалд зориулж Магадхын эзэн Рабатгарби хаан байгуулсан” гэдэг домогтой аж. Энэ нь Дорно дахины босоо дөрвөлжиндүү сувраганаас эрс ялгаатай бөгөөд газрын гүнээс ургаж, тэнгэр өөд тэмүүлсэн гурвалжин хэлбэрийн зохиомжтой, орой дээр нь наран саран цацарч, галын дөл бадарч байгаагаар дүрсэлсэн байна.

Сувраганы зохиомж нь сэнтий буюу арслант суудал, хэмжээлшгүй дөрвөн үнэнг билэгдсэн дөрвөн шат, Бурхан багшийн бэсрэгхэн хөрөг баримал бүхий бумба хэлбэрийн агуй, Чойнхоржүсүм буюу номын 13 хүрд зэрэг үндсэн дөрвөн хэсгээс бүрддэг бөгөөд тэдгээрийн маш гоё уран яруу зохицол, архитектоник шүтэлцээ нэгдэл нь Занабазарын уран барилгын гайхамшигт арга ухааныг гэрчлэн харуулдаг.