Барлах болон зураасан зураг

Tанилцуулга

Монголчууд олон зуун жил модон бараар ном хэвлэжээ. Аливаа улс гүрний бичмэл, дармал ном нь хүний оюуныг нэмэгдүүлэх, боловсруулах, мэдлэгийг дэлгэрүүлэх үүрэгтэй байдагчлан Монгол ном ч мөн тийм үүрэгтэй. Бичсэн номоо хувилан олшруулах нэг арга нь модон барын хэвлэл байлаа. Энэхүү барлах урлаг нь зураасан зургийн биеэ даасан төрөл болон хөгжиж ирсэн бөгөөд Дорно дахинд манай эриний VI зуунаас, Өрнө дахинд сэргэн мандалтын эхэн үед бий болсон.

Монголчууд чухам аль үед ном хэвлэв гэдгийг тодотгон тогтоохын тулд эртний Монгол-Хятан улс, Юань улсын үед хэвлэсэн номын тухай, сурвалж бичигт тэмдэглэснийг үзвэл Хятан нар X зуунаас, Монголчууд XIII зууны үеэс дорно дахинаар авч модон бараар ном хэвлэж эхэлжээ. XVI зууны хоёрдугаар хагас хүртэл бурхны шашин төдийлөн дэлгэрээгүй байсан учир шашны сургаалгүй ном уншдаг байжээ гэж үзэж болно. Харин XVII-XIX зуунд бурхны шашин газар сайгүй дэлгэрсэн учраас бурхны сургаалгүй ном хэвлэгдэг зам хаагдаж, гол төлөв шашны судар ном хэвлэгдэх болжээ. Тиймээс бидний үед уламжилсан модон барын номыг аваад үзвэл монголд модон бар дэлгэр байж л сая ном хэвлэдэг болсон мэт харагдаж байна. XV-XVI зуунд хэвлэсэн модон барын ном уламжлагдаагүйгээр үл барам номын тухай мэдээ баримт тасарсан байна.XVII зуунаас хойш дан бурхны ном асар олноор хэвлэн эхэлжээ.

Шашны судар номыг гаднах байдлаараа дэлгэрэнгүй судар, дундаж судар, хураангуй судар гэж гурван янз байжээ. Дэлгэрэнгүй судар нь олон мянган хуудастай том өргөн хуудсан дээр хэвлэдэг байжээ. Тухайлбал: дорно дахины их таван ухаан, бага таван ухаансудрыг эмхэтгэсэн “Ганжуур”, “Данжуур” засаг төрийн ёсыг өгүүлсэн “Солбицон барихын бодрол”, манж, хятад, төвд хэлний “Дөрвөн зүйлийн үсэг хавсарсан толь” зэрэг хамаарна. Дундаж судар нь: Багавтар, зузаан нимгэнээрээ дунд зэргийн судрыг дундаж хэмжээний уншигчдад зориулан бүтээдэг судрыг дундаж судар гэдэг байжээ. Тухайлбал:“Элдэв үлгэрийн далай”, “Үлгэрийн ном эрдэнэ цогцолсон лагшаа тайлбар оршив” олон судар энд хамрагдана. Монгол барчдын хэвлэсэн номын дотроос хамгийн олон нь хураангуй судар юм. Номын утга, их зүйлийг хамаарахгүй болгонд хураангуй судрыг хэвлэдэг байжээ. Үүнд:“Сайн өдөр сонгож үзэх алтан толь судар оршив”, “Эх болсон зургаан зүйлийн амьтны байдал нь оршив” зэрэг олон судар энэ бүлгийн номд хамаарна.

Барын төрлүүд: XX зууны эхэн үе гэхэд судар, номын чимэглэлийн зургийн хэрэгцээ өсөн нэмэгдсэнээр модон барын урлаг оргилдоо хүрч хөгжсөн төдийгүй хүрэл бар, зэс бар, төмөр бар, чулуун барын урлаг дэлгэрсэн байна. Монгол барчид хүрэл бар, зэс бар, чулуун бар, модон бараар олон зуун жил ном хэвлэв.

XIII зуунд монголд хүрэл бар цутгаж байв. Огт засвар орохгүй номын барыг хүрлээр цутгадаг байжээ. Номоо хавтсан дээр зөв харуулан товойлгон сийлээд хүрэл цутгахаар бэлдсэн шавар дээр дарахад сийлсэн ном буруу харж хонхойн гар хэв болон түүн дээрээ тостой даавуу тавьж байгаад мөн дөрвөлжин шавраар битүүлээд хатсаныг дараа нэгэн өнцөгт нь гаргасан нүхээр даавуугаа сугалж аваад түүгээр хайлсан төмөр цутгаж түүнийгээ хүрэл бар гэж нэрлэжээ. Төмөр халуун даадаг ган саванд хийж шавар пийшин дотор тавин гар тулмаар тулгамдаж, эсвэл хөл хөөгөөр хөөрөгдөж хайлуулдаг байжээ. Хүрэл хайлах, цутгах зэрэг нь ажиллагаа ихтэй, олон хуудастай номыг хэвлэх боломжгүй учраас хүрэл бар дэлгэрээгүй орхигджээ.

Мөн зэс бар хийж ном хэвлэдэг байжээ. Гөлмөн зэсийг хуудас хуудсаар тайрч хавтас болгоод нэг тал дээр ном бичдэг ёс байлаа. Эсвэл бар болгоё гэвэл нимгэн цаасан дээр номоо бичиж зэс хавтан дээр буруу харуулж наагаад цохиураар цохиж үгээ гаргадаг, үүнийгээ хөөх гэж нэрлэдэг. Номын нэг хуудас болгох уг хөөсөн хоёр зэс хавтасны хооронд барчид шигшсэн элс, үнс, давирхай хольж зузаавтар жийрэг хийдэг түүнийгээ лав хийх гэж нэрлэдэг. Хоёр хавтсыг үсэг хонхойсон талаар нь лавдаа барьж тогтоогоод судрын нэг хуудас болдог байлаа. Зэс барчин хавтсан дээр үсэг зордог, зурдаг, ухдаг, цохиур, ухуур, товшуур, эсгүүр, шахуур ховил, их бага цүүц хэргэлдэг. Зэс бар хүрэл барыг бодвол ажил багатай ч төдийлөн дэлгэрээгүй.

Монгол барчид нэлээд хожмоор чулуун бараар ном хэвлэдэг болжээ. Зассан чулуун дээр үсэг буулгаад түүнээсээ хуудас хуудсаар ном хэвлэх нэг арга бол чулуун бар юм.

Нийт Монголчуудын хувьд модон бараар ном хэвлэх арга ихэд хөгжсөн байлаа. Модон бараар ном хэвлэх гэдэг нь чанаж шүүслээд сайтар хатаасан олон хавтсанд номын үс сийлээд дараа нь түүн дээрээ хуудас хуудсаар цаас тавьж хэвлэдэг гар үйлдвэрийн арга юм. Номын барчид модны ширхэг нарийн, давирхай багатай хус, жодоо, нүүрсийг сайтар боловсруулан номын үйлдвэрлэлд өргөн дэлгэр ашиглаж иржээ. Эдгээр дотроос хус нь номын бар хийхэд хамгийн тохиромжтоймод учраас өргөн ашиглаж байжээ. Үсэг сийлсэн хавтас бүрээ бар гэж нэрлэх бөгөөд түүнийгээ тосонд чанаж бэх уухгүй болдог байжээ. Ингэж тосолсон бар чийг халгаахгүй, бэх уухгүй сайн талтай болдог байна.

Бараар ном хэвлэдэг үйлдвэрийн газрыг бархан гэдэг. XX зууны эхэн үе гэхэд номын чимэглэл зургийн хэрэгцээ өсөн нэмэгдсэнээр модон барын урлаг оргил үедээ хүрч улмаар хүрэл, зэс, төмөр, чулуун барын урлаг дэлгэрсэн байна. Энэ үед Монгол нутагт модон барын 762 барханы газар байсан гэх мэдээ бий.

Ном судар хэвлэж байсан халх, буриад барханы газруудаас томхоныг дурьдвал: Халхын Их хүрээ, Заяын хүрээ, Ламын гэгээн, Арвайхээр, Үйзэн гүнгийн хийд, Чойрын хийд (Дундговь), Мөрөнгийн хийд (Хөвсгөл), Өнийн хийд (Дорноговь), Халхын сүм (Дорнод) зэрэг олон газар нэрлэж болно. Монгол бол нэн эртний урлаг соёлын дурсгалтай улс юм. Үүнийгээ батлах сурвалж бичиг, хэрэглэгдэхүүн манайд олон. Аль ч орны бичиг зохиол тэр дундаа бичмэл, дармал ном бол тухайн улсын туулж ирсэн түүхийг уламжлах толь бөгөөд нэг нь монгол модон барын ном мөн.

Онцлох үзмэрүүд

Модон бар

Модон бараар ном хэвлэнэ гэдэг нь модыг шүүслээд сайтар хатаасан модон хавтсан дээр номынхоо үсгийг сийлээд дарна. Бэлтгэсэн модон хавтсан дээрээ бэхээ түрхэн, түүн дээрээ хуудас хуудсаар цаас тавьж олон зуун хэвлэл гарган авдаг, гар үйлдвэрийн арга юм. Модон барын хамгийн чухал ажиллагаа нь модон хавтсан дээрээ үг үсэг сийлэх үйл ажиллагаа юм. Модоо сонгохдоо нарийн ширхэгтэй, давирхай багатай хатуу хуш модыг номын бар хийхэд өргөн хэрэглэнэ. Залуу хуш модыг зун цагт нар, салхинд олон сар, жил өнжөөн байгалийн аргаар бэлтгэн банз болгон хадгалж, хатуу, нягт олон жилийн настай болгохын тулд тосонд чанаж сийлэхэд бэлтгэдэг байжээ. Бэлтгэн боловсруулсан модон хавтан дээрээ барлах зүйлээ тэг номын дагуу эсрэг тийш нь харуулан зурж сийлэх бөгөөд нэгэн жигд маш нарийн зураасан ажиллагаа гардгаараа онцлогтой. Үүний дараа сийлээгүй үлдсэн гүдгэр дээр бэх түрхэж цаасан дээр хэвлэхийг хэлнэ.

Яг энэ аргаар бүтээсэн нэгэн судар ном өдгөө Дүрслэх урлагийн музейд хадгалагдаж байна. Энэ судар нь XIX зууны сүүл үед хамрагдах бөгөөд Буддын шашны ном зохиолыг олноор олшруулан хэвлэж байсан түүхтэй холбоотой. Бар нь 17.2см урт , 9.6см өндөр, 2.3см зузаан модон хавтан дээр Нэг талдаа нанжвандан үсэг, нөгөө талдаа норов эрдэнэ ачсан морь, төвд үсгийг сийлсэн номын барын үсэг хоорондын зай болон үсгийн зурлага, хэмжээ, нарийн тод бөгөөд тэгш хэмжээгээр чадварлаг сийлэн урласан байна. Модон хавтангийн хүрээг товойлгон сийлжээ. Норов эрдэнэ ачсан морийг зохиомжийн голд томоор дүрслээд дээд доод, баруун зүүн талд төвдөөр бичсэн байна.