2016.01.25 АЧ АВРАЛТ ОХИН ТЭНГЭРҮҮД БА ДАРА ЭХ

/Хэвлэлийн мэдээ/

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей үүсэн байгуулагдсаны 50-н жилийн ойд зориулан үзэгч та бүхэнд сар шинийн өмнө “Ач авралт охин тэнгэрүүд ба Дара эх” үзэсгэлэнгээ нээж байна. Музей нь 50-н жилийн ойн хүрээнд олон ажил төлөвлөж буйн нэг нь “Ач авралт охин тэнгэрүүд ба Дара эх” үзэсгэлэн агаад тус музейгээс зохион байгуулж буй "Арван хангал" бурхадын III дахь удаагийн цуврал үзэсгэлэн юм.

“Ач авралт охин тэнгэрүүд ба Дара эх” үзэсгэлэн нь 2016 оны 01 сарын 25 ны өдөр тус музейн үзэсгэлэнгийн танхимд болох бөгөөд тус үзэсгэлэнд Балданлхам, Бүжинлхам, Гүнжинлхам, Янжинлхам ба Цагаан дара эх бурхадаас бүрдсэн нийт 300 орчим бүтээл дэглэж үзүүлнэ. Эл үзэсгэлэнд дэглэгдэж буй бүтээлүүдийн 96 орчим хувь нь музейн сан хөмрөгөөс анх удаа олон нийтэд хүрч байгаа төдийгүй зурмал, оёмол, цутгуур, шуумал, баримал, модон барын дардас, сийлбэр зэрэг бурхан урлалын бүхий л төрлөөр бүтээгдсэн бүтээлүүдийг багтааж байгаагаараа нэн онцлогтой юм.

Бурханы шашинт ард түмэн түүний дотор Монголчууд "Лхам" бурханыг ихэд эрхэмлэн шүтэж ирсэн байдаг. Түүний нэгэн зүйл хэмээвээс Монголчууд цагаан сарын битүүний шөнө Балданлхам бурханыг айл бүхэнд залран ирдэг хэмээн билэгшээн ундаасч ядарсан луусыг нь услаж байгаа утгаар гэрийнхээ тотгон дээрээ гурван ширхэг мөс тавьдаг заншил өдгөө бидэнд уламжлагдан хадгалагдсаар иржээ.

Тус үзэсгэлэнд Монголчуудын төр ёсны их баяр цагаан сарын өмнө толилуулж буй нь билэгшээл ерөөлийг эрхэмлэн зон олон Монголчууддаа ирж буй бичин жилдээ өсөн дэвжихийн билэгшээлийг давхар агуулж байна.

Мөн бурхан урлаач Д.Ухаанзаяа нь өөрийн бүтээлүүдийг тус үзэсгэлэнд дэлгэн толилуулж байгаа нь Монголын орчин үеийн бурхан урлалыг төлөөлж буй нь үзэсгэлэнгийн нэгэн шинэлэг тал болж байна.

Та бүхэн “Ач авралт охин тэнгэрүүд ба Дара эх” үзэсгэлэнд ирсэнээр Монголын бурхан урлалын уламжлал, өвийг орчин үеийн Монголын бурхан урлалын хөгжил, онцлогийг нэгэн дороос хамтад нь тольдох боломжийг та бүхэнд олгож байна. Мөн үзэсгэлэнд оролцож буй үзмэрийн гэрэл зургийг бүрэн хэмжээгээр багтаасан өмнөтгөл, тайлбар бүхий каталог хэвлүүлэн уншигч таны оюун мэлмийд хүргэж байна.