2015.10.26 – 2015.11.11 НУУЦЫН ЭЗЭН

/Хэвлэлийн мэдээ/

Монголчууд эртнээс өнөө цаг хүртэл бурхадын дүрийг дүрслэх урлагийн бүхий л төрлөөр бүтээн, бишрэн шүтэж, өв уламжлуулан нандигнан хадгалж ирсэн, өнөө цагт тус музейн сан хөмрөгт хадгалагдаж буй үзмэрүүдээс зурмал, оёмол, хатгамал, цутгуур, шуумал, баримал, дармал, сийлбэрлэн бүтээсэн “Очирваань”-бурхадыг дэлгэн “Нууцын эзэн” хэмээх үзэсгэлэнг үзэгч танд толилуулж байна.

Бурханы шашинд “Арван хангал” гэж алдаршсан Жигжид, Очирваань, Гомбо Чагдугба, Цагаан махгал, Дамдинчойжил, Балданлхам, Шалши, Намсрай, Жамсран, Цамба хэмээх агуу чадалтай, хилэнт дүртэй бурхад байдаг. Очирваань бурхан нь гал хуй бадарсан орон зайн төвд, бадам цэцэгт наран мандал дээр баруун бойвыг нугалан, зүүнээ жийсэн байдлаар, баруун мутартаа таван үзүүрт очир атган, огторгуй өөд далайн, зүүн мутрын долоовор ба эрхий хуруугаар зангалаг чагжаа хийж, очирт гох дэгээ барьж зүрхэн тушаа авсан, үзэсгэлэнт сүр жавхлан бадарсан догшин сүрт хөх өнгөтэй, намхан бүдүүн лагшинтайгаар босоо оршино.

Хамаг бурханы эрдмийг нэгэн дор хураасан, их хүчтэн, бүхий л сахиусуудын тэргүүн, шулмасын орны хорлолыг дарагч их сахиус гэх бөгөөд нууцын орныг сахин хамгаалагч учраас “Нууцын эзэн” гэж ёгтлон нэрлэжээ.

XV зууны үеэс эхлэн өргөн дэлгэр шүтэж ирсэн бөгөөд Чингис хаанаа Очирваанийн хувилгаан ч гэж хүндэтгэж үздэг.

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа дүрслэх урлагийн бүхий л аргаар бүтээсэн “Очирваань бурхан”-ы дүр бүхий үзмэрүүдийг дүрслэлээр нь, ганцаар дүрслэсэн, бусад бурхадын хамт дүрслэсэн, язгуурын бурхадын хамт, оройд нь Хангарьд, морьтой буюу Хатуу гурав, суварганы хамт гэж үндсэн таван хэсэгт ангилж болно. Ихэнх үзмэрт Очирваань бурханыг ганцаар буйгаар дүрслэсэн байна.

Эдгээр үзмэр бүрд, тухайн бүтээлч шүтээний дүрийг бүтээхдээ, бурхан бүтээх тиг хэмжээ, зохиомжийг алдуулалгүй өөрийн уран сэтгэмжээр, янз бүрийн хэмжээтэйгээр, байгалийн материал ашиглан, шашны бэлгэдэл зүйг алдуулахгүйгээр бүтээсэн байдаг.

Музейн сан хөмрөгт 120-д ширхэг Очирваань бурхан хадгалагдаж байна. Бүтээлүүдийг хийгдсэн материалаар нь төрөлжүүлэхэд цутгуур-11 ширхэг, шавар баримал-16 ширхэг, сийлбэр-1 ширхэг, зураг урлал-82 ширхэг, баримт бичгийн-5 ширхэг, оёмол, хатгамал-3 ширхэг ба нийт цуглуулгын 0,7%-ийг эзлэнэ. Үзэсгэлэнд оролцож буй нийт үзмэрийн 94,9 хувь анх удаа сан хөмрөгөөс гарч, үзэгч таны мэлмийг баясгаж байна.

Тэр дунд 3,3 см хэмжээтэйгээс 16 метр хүртэлх томоохон хэмжээтэйгээр урласан хосгүй үнэт бүтээлүүд бий.

“Нууцын эзэн” үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд 2015 оны 10-р сарын 26 ны өдрөөс 1 сарын хугацаанд үзэгчдэд хүрэх болно.