“ДЭЭД ЭС” үзэсгэлэн

Зураач, урлаг судлаач Пүрэвсүхийн Байгалийн “ДЭЭД ЭС” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн 2026 оны 10 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээлтээ хийлээ.

Энэхүү үзэсгэлэн нь уран бүтээлчийн зургаа дахь бие даасан үзэсгэлэн юм. Тэр бээр өмнө нь “Салхин аялгуу” 2005 он, “Сэтгэлийн цэцэрлэг” 2008 он, “Өвгөдийн шүтээн” 2011 он, “Сэндэн” 2014 он, “Дээд үүд” 2019 он бие даасан үзэсгэлэнгүүдээ дэлгэж, гадаад дотоодын 70 гаруй хамтарсан үзэсгэлэнд оролцож, 16 үзэсгэлэнгийн куротороор ажиллаж байжээ. Түүний үзэсгэлэн бүр өөрийн гэсэн өвөрмөц өнгө аястай, сэтгэлгээний гүн гүнзгий бодрол, утга агуулга, илэрхийлэмжтэй байдаг билээ.

Энэхүү үзэсгэлэн нь Монголын уламжлалт бэлгэдэл, буддын шашны мандалын гүн ухаан, нүүдэлчдийн ертөнцийг үзэх үзлийг орчин үеийн дүрслэх урлагийн хэлээр эргэцүүлэн илэрхийлсэн уран бүтээлийн цогц юм.


Үзэсгэлэнгийн үзэл санаа

Үзэсгэлэнгийн үзэл санаа

“ДЭЭД ЭС” хэмээх нэр нь хүний оршихуйн мөн чанар, оюун санааны дээд түвшин, үл үзэгдэх атлаа оршихуйн гүнд оршдог хүч, эрчим, холбоо хамаарлыг эрэн шинжлэх уран бүтээлчийн сэтгэлгээтэй холбогдоно. 

Зураач Байгалийн бүтээлүүдэд мандал нь зөвхөн шашин, зан үйлийн дүрслэл бус, харин орчлон ертөнцийн бүтэц, дотоод төв, эмх цэгц, бүхний харилцан шүтэлцээг илэрхийлэх сэтгэлгээний орон зай болон хувирчээ. Тэрээр уламжлалт дүрслэлийн бэлгэдлийг шууд давтахын оронд геометрийн хэлбэр, хэмнэл, өнгө, орон зайн харилцаагаар дамжуулан өөрийн уран сайхны ертөнцийг бүтээж байна.

“ДЭЭД ЭС” үзэсгэлэнгийн бүтээлүүдийг холбох нэгэн чухал санаа нь хот мандал юм. Хот мандлыг орчлон ертөнцийн зохион байгуулалт, төв ба захын харилцаа, хүн ба байгаль, харагдах ба үл харагдах ертөнцийн огтлолцол хэмээн тайлбарлаж болно. Энэхүү сэтгэлгээ нь үзэгчийг зөвхөн дүрслэлийг харахаас илүүтэйгээр өөрийн оршихуй, дотоод ертөнц, амьдралын утга учрын талаар эргэцүүлэхэд урин дуудна.

Зураачийн хувьд мандал бол дүрслэлийн бэлэн загвараас гадна, сэтгэх, танин мэдэх, дотоод ертөнцөө нээх уран бүтээлийн арга юм. Түүний бүтээлүүдэд уламжлал ба шинэчлэл, эртний бэлгэдэл ба орчин үеийн хийсвэр сэтгэлгээ харилцан нэвчиж, шинэ дүрслэлийн орон зайг бий болгожээ.

Эрхэм үзэгч таныг энэхүү үзэсгэлэнгээр зочилж өөрийн дотоод оршихуйн мөн чанарыг олж нээхийг урьж байна.


Үзэсгэлэн үргэлжлэх хугацаа: 2026.10.16-2026.11.06 дуустал

Цагийн хуваарь: Даваа-Баасан 09:00-16:30 цаг,

Бямба, Ням 10:00-16:30 цаг

Утас: 11-323986