“HUMAN” үзэсгэлэн нээлтээ хийлээ

Монголын арьсан урлагийн “Хүрэл Буга” нийгэмлэгийн 10 жилийн ойн хүрээнд Монголын Урчуудын эвлэлийн гишүүн, уран бүтээлч Намсрайжавын Мөнхтуул “HUMAN” бие даасан анхны үзэсгэлэн Дүрслэх урлагийн музейд нээгдлээ.

Дүрслэх урлагийн дээд сургуулийн Монгол зураг болон арьсан урлалын анги төгссөн хос мэргэжилтэй Н.Мөнхтуул нь уламжлалт монгол зургийн нарийн ажиллагааг арьсан хөөмлийн техникээр баяжуулан уран бүтээлээ хийдэг онцлогтой. Тэрээр 2018 онд “Хүрэл Буга” нийгэмлэгийн шилдэг бүтээлийн шагнал, 2021 онд МУЭ-ийн Оны шилдэг бүтээлийн үзэсгэлэнгийн “Чимэглэх урлаг”-ийн төрөлд шилдэг уран бүтээлийн шагнал, 2023 болон 2024 онд Японы Токио хотноо болсон Олон улсын арьсан урлагийн үзэсгэлэнд “Арьсан зураг”-ийн төрөлд тусгай болон тэргүүн байрын шагналыг тус тус хүртжээ.

Түүний “HUMAN” үзэсгэлэн нь нийгмийн тогтсон канон, стереотип хүлээлтээс ангид хүний дотоод мөн чанар, биологийн болон нийгэмжсэн оршихуйн шүтэлцээг хөнддөг. Уран бүтээлч арьс хэмээх байгалиас гаралтай материалыг хүний дахин давтагдашгүй онцлог болох сорви, үрчлээ, мэнгэ зэрэг амьдралын ул мөртэй адилтган, хүн төрөлхтний дотоод мөн чанарыг уран бүтээлдээ дүрслэн харуулжээ. Энэхүү концепц нь бие махбодын ялгаатай байдлыг өө сэв бус, харин хувь хүний давтагдашгүй түүхийг тээгч үндсэн өгөгдөл болохыг илэрхийлж, ялангуяа эмэгтэй хүний бие болон сонголтыг гадны үнэлэмжээр хэмжих хандлагыг шүүмжлэлтэйгээр дахин тунгаахад чиглэжээ.

Үзэсгэлэн үргэлжлэх хугацаа: 2026.11.14 - 2026.11.20

Байршил: Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей

Холбоо барих: 89153451