Дүрслэх урлагийн музей байгуулагдсаны 60 жилийн ойд зориулан “Монголын дүрслэх урлагт Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн гүйцэтгэсэн үүрэг, түүх” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулна. 1965 онд Монголын Урчуудын Эвлэлийн хорооны санаачилгаар эртний болон орчин үеийн бүтээлүүд хосолсон том хэмжээний үзэсгэлэнг зохион байгуулж улмаар БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1965 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 87 дугаар тогтоол, 04 дүгээр сарын 15-ны өдрийн Соёлын яамны сайдын 37 дугаар тушаалаар Монголын Дүрслэх урлагийн музей байгуулах тухай тогтоол батлагдаж, 1966 оны 07 дугаар сарын 23-ны өдөр албан ёсоор үүд хаалгаа нээн анхны үзэгчдээ хүлээн авсан түүхтэй. 1995 онд Анхдугаар Богд Өндөр гэгээн Г.Занабазарын мэндэлсний 360 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музей болсон.
Энэхүү хурал нь музейн үйл ажиллагааны түүхэн хөгжил, Монголын дүрслэх урлаг судлалд оруулсан хувь нэмэр, цаашдын судалгааны чиг хандлагыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хэлэлцэх, судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой.
Эрхэм хүндэт эрдэмтэн, судлаач та бүгдийг урьж байна.

