УРАН БҮТЭЭЛЧ НЯМХҮҮГИЙН ЛХАГВАСҮРЭНГИЙН

Хүн болгонд л өөр өөрийн гэсэн ертөнцийг харж тольдох цонх бий. Өөрт нь оногдож өөрөө бүтээсэн энэ цонх нь харин олж авсан мэдлэг ухаан, авьяас чадвар төлөвшил хандлагаас нь болоод том ба жижиг, тод ба бүдэг байх нь жам ёс. Ялангуяа уран бүтээлчид өөрийн оюун сэтгэлгээний тэр цонхоороо харж өвөрмөц сэтгэлгээ, уран чадвараар хэний ч санаанд оромгүйг огт оргүйгээс бий болгон буулгаж бүтээж түмний мэлмийг баясгах сэтгэлийг хөглөх үзэгдэл болгохуй нь өөрөө урлагийн гайхалтай чадвар боломж билээ.

"Журааны Ертөнц" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг бүтээн туурвигч Нямхүүгийн Лхагвасүрэн бидний адил Нүүдэлчин Монголчуудын ой санамж, өв уламжлалыг тээж яваа "Орчин үеийн нүүдэлчин". Уран бүтээлч хүний хувьд шинэлэг алив санаа сэдэв, хандлага үзэл бүхнийг эрж хайж, эргэлтгүй бэдэрч зогсолтгүй хөдөлмөрлөж хувьсан өөрчлөгдөн байдаг нь "Оюун санааны нүүдэлчин" л гэсэн үг.

Өөрийн авьяас билиг болоод урлагийн мөн чанар үнэт зүйлсийг өдөр тутмын ахуй амьдралын хүлээсэнд баглуулж амжиргааны хэрэгсэл төдий болгохыг хүсээгүй түүний хүсэл эрмэлзэл, зориг золбоо нь эцэстээ түүнийг амьд байгаль дэлхий аглаг гүн тайгийн цаад үзүүр хязгаар руу татаж соронзодсоор хэсэгтээ сураг алдарсан. Сүүлийн 20-иод жилийн байгаль дахь аялал нь ухаарал бясалгал ч болсон биз. Эргэж ирэхдээ ганзага дүүрэн эгэл бус их олз омогтой, тархи цээж дүүрэн санаа сэдэвтэй ирснийх нь эхний хэсгээс ийнхүү үзмэр болгон дээжлэн, үзэсгэлэн бүтээж дэглээд мэлмийд тань өргөн барьж байна.

Түүний эдгээр бүтээлүүдээс нүүдэлчдийн амьдралын хэв маяг, зан үйл, деталь хийцүүд хурц тод илрэх агаад тэр нь нэн эрт цагаас энэ хүртэл энэ төрлийн бүтээлүүдэд нийтэд нь үзэгдэж мэдрэгддэг нийтлэг чанар юм. Угшил эх үүсвэр, үүдэл гарвал нь нэг болохоор зугтах аргагүй биз. Гагцхүү харин Лхагвасүрэн л мэдэрч мэдэж хийж бүтээсэн хийц донж, анатомийн мэдлэг, уран уянгын болоод заримдаа хошин хөнгөн ч байж болох хэтрүүлэг донж, өөр хаана ч үзэх боломжгүй динамик хөдөлгөөн, хэлбэр хийц тэргүүтэн нь бол яах аргагүй түүний алганы хээ шиг үл давтагдах онцлог болоод ондоошил нь билээ.

Хүн ба байгалийн хүйн холбооны тухай бид их ярьдаг хэдий ч ихэнхи нь түүний утга учир болоод мөн чанарынх нь талаар гүн гүнзгий ойлгодоггүй, тэгэхийг ч нэг их хүсдэггүй бололтой байдаг. Өөрөөсөө бусад бодьгалийн нэг адилаар ХҮН гэгч БАЙГАЛЬ ЭХийн хэвлийд үүсэн бий болсон үр хүүхэд нь мөртлөө "Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөх"-ийн үлгэр лугаа "БҮТЭЭГЧ ЭЗЭН, БҮРЭЛГЭГЧ ДАЙСАН"-ы дүрд хувилаад байгаа нь гашуун үнэн. Зөвхөн ил шууд үзэгдэж харагдах болоод үнэртэх сонсогдох, амтлах хүрэлцэх таван мэдрэхүйгээр л орчлон хорвоогийн утга учир, жам ёсыг тодорхойлон илэрхийлж ойлгоно гэвэл угаасаа учир дутагдалтай.

Тиймээс заримдаа ан амьтан, адгуус гөрөөс, байгаль хангай, тэнгэр газрын үзүүлж тодруулах тэмдэг ёр билгийг мэдэрч анзаармаар юм билээ. Аглаг ойн гүнд сар жилээр хэрэн хэсэж, аялаж явах замдаа ойлгож ухаарсан бүхнээ урлан бүтээж буй баримал бүхэндээ шингээн бүтээсэн эдгээр бүтээлүүд өвөг дээдсийн маань юмс үзэгдэл болоод сав шимийн ертөнцийн уул ус мод ургамлаас өгсүүлээд ан амьтан бүгд нэг нэгтэйгээ хамаарах хамаарал бүхий амь бие, шүтэн барилдлагатай хэмээн сургадаг сургаалийг эргэж давтан уран сайхнаар дүрслэн өгүүлжихүй.

Энэ хорвоод төрөхөөс авахуулаад үхэх хүртэлх амьдралын утга учир нь тэр чигээрээ үнэн болоод зөвийн талд байж чадахыг хичээн чармайх амар хялбар бус зам мөр. Жинхэнэ урлаг харин танд энэ замын тань үнэнч хань болж үргэлж зөвийг зааж замыг тань гэрэлтүүлдэг билээ. "Журааны Ертөнц"-өөр хамтдаа аялаж, амьдралыг арай өөр өнцгөөс харж мэдэрч, өөрөө урлаж дархалсан өвөрмөц цонхоор нь, түүний харж мэдэрч чадсан өөр орон зай дахь ертөнцүүдийг хамтдаа тольдон харцгаая. Таалан болгооно уу...

МУСГЗ, Шог зураач С. Цогтбаяр

Үзэсгэлэн үргэлжлэх хугацаа: 2025.06.28-2025.07.04-г хүртэл

-Байршил: Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей

-Цагийн хуваарь: Өдөр бүр 09.00-17.30 цаг

https://www.facebook.com/share/p/1CGAZ89M1y/