Залуу уран бүтээлч М.Чимэдлхагва-ын "ЦАГ ХУГАЦАА ҮГҮЙ" анхны бие даасан үзэсгэлэн
Уг үзэсгэлэн нь модон сийлбэр болон бар зургийн техникийг хослуулан хар, цагаан хоёрхон өнгөөр тодорхой бус дүрүүд болоод тэдгээр дүр хоорондын харилцааг хөнгөхөн хийгээд агаарлаг, бие биедээ уусан шингэж буйгаар дүрсэлсэн нь оршин буй бүхий л зүйлс өөр хоорондоо шууд болон шууд бус харилцан холбоотойг илэрхийлнэ. Мөн аль ч нийгэмд хүмүүний амьдралын мөн чанар угтаа ижилхэн агаад гагцхүү өөрчлөгдөн буй зүйлс нь зөвхөн гадна харагдах төдий. Дотооддоо үл өөрчлөгдөх ба үл зогсох цаг хугацаанд амьдрал мөнхөд үргэлжилсээр л байдаг гэсэн санааг агуулжээ.
Харин амьдрал үнэн худал хоёрын зааг дээр оршин буйг хар цагаан хоёр өнгийн тоглолтыг бүтээлүүддээ ашигласнаар илүү тодотгосон. Туйлын үнэн гэж үгүй, туйлын худал гэж бас үгүй. Хараас цагаан руу, цагаанаас хар луу, цаг хугацаа үгүй мэт уусан шингэнэ…
Үргэлжлэх хугацаа: 2025.04.23-2025.04.29-ийг дуустал
Хаана: Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд
Холбоо барих утас : 95270256, 1132-3986