2018.03.15 – 2018.04.15 САЛХИЙГ СӨРӨН

Буриадын алдарт уран дархан Жигжит Баясхаланов ОХУ-ын Буриад улсын Өвөр Байгалийн Агинск сууринд төрж өсчээ.

Жигжит Баясхаланов нь өв залгамжилсан уран бүтээлч бөгөөд хүүхэд байхаасаа дархны урлагийн жинхэнэ мастер эцгийнхээ хийж буй бүхнийг анхааралтай ажиглан сонирхох болжээ. Хүүгийн сонирхлыг анзаарсан эцэг нь дэмжсэнээр тэрээр энэ мэргэжлээрээ өсч,  өнөөгийн амжилтанд хүрчээ.

2015 онд тэрээр өөрийн төрсөн нутаг Өвөр байгалийн Агинск сууринд “Вперёд к истокам” /Эх булаг руугаа урагшаа/ хэмээх анхны бие даасан үзэсгэлэнгээ нээж, эндээс Чита, Эрхүү, Улан-Үд хотноо үргэлжлүүлсэн байна. Түүнээс хойш 3 жил гаран хугацаа өнгөрөхөд түүний уран бүтээлийн хувьд чухал олон үйл явдал болж өнгөрчээ. Энэ нь Эрмитажид зохион байгуулсан Оросын орчин үеийн зэвсгийн шилдэг урчуудын үзэсгэлэн, Францын Тьер хотод “Coutella-2017”, Парис хотноо “SICAC PARIS. Knife Show”, “FICX PARIS” зэрэг олон улсын зэвсгийн үзэсгэлэнд оролцжээ. Парис хотноо болсон “FICX PARIS” үзэсгэлэн дээр буриадын үндэсний хутга үзэгчдийн анхаарал онцгойлон татаж, “Уран баримал” номинацид шалгарч, ялагч болсон байна.

Мөн Улаан-Үд хотод болсон бүх буриадын “Алтаргана-2016” наадмын үеэр Жигжит Баясхаланов ба түүний урлангийн хамт олон эрийн гурван наадмын гол шагналуудыг тусгайлан бэлтгэсэн нь морины тоног чимэглэл, буриад нум, үндэсний хутга зэрэг зүйлүүд байв.

Тэрээр өдгөө ОХУ-ын Санкт-Петербург хотноо ажиллаж амьдардаг бөгөөд сүүлийн жилүүдэд “Баясгалангийн дархны урлан” төсөл хэрэгжүүлэн өөрийн уран бүтээлд хүрэл баримлын шинэ урсгал, чиглэл бий болгох тал дээр тасралтгүй ажилласаар иржээ. Түүний бүтээлүүд дээр  дүрслэгдсэн амьтдын дүр түүний эрх чөлөө, дотоод амар амгалан, хүч, авьяас багтаж ядан буйг илтгэнэ. Уран баримал бол зохиогчийн давтагдашгүй хэв маягаар хийгддэг бөгөөд дүрс бүр бүрэн биш цутгамал толгойг дүрслэх бөгөөд харин түүний мөн чанарыг харуулсан зузаан нимгэн янз бүрийн хавтгайд өөрчлөгдөж байдаг зөвхөн хөнгөн, хэмжээт зураасаар илэрхийлсэн байна.

Жигжит Баясхаланов энэ удаа “Салхийг сөрөн...” нэртэй үзэсгэлэнгээ Улаанбаатар хотын үзэгчид, зочдод зориулан Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээж байна. Үзэсгэлэнд нас залуу боловч хэдийн нэрд гарсан түүний сүүлийн гурван жилийн ажлын тодорхой үр дүн буюу өөрийнх нь бүтээсэн хүрэл барималуудыг дэлгэн үзүүлэх болно. Бас түүний шинээр урласан хутга ба хүрэл цутгамал зохиомжууд, буриадын уламжлалт хутга ба жижиг баримал бүтээлүүдийг эндээс харж болно. /www.zhigzhit.com/

Өнгөрсөн саруудад тэрээр “Салхийг сөрөн...”  үзэсгэлэнгээ ОХУ-ын Эрхүү хотын В.Бронштейны галерей, Буриадын Улан-Удэ хотын Ц.С.Сампиловын нэрэмжит Уран сайхны музейд тус тус толилуулсан нь үзэгчдэд гүн сэтгэгдэл үлдээж, маш сайн үнэлгээ авчээ.

Түүний бүтээлүүд уран сайхны өндөр үнэ цэнэтэй, чанартай сайн учир үзэгчдийн сэтгэлийг ихэд татдаг аж.

"Салхийг сөрөн..." үзэсгэлэн 2018 оны 3-р сарын 15-ны өдөр Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээгдэж, бүтэн сарын турш үргэлжлэх болно.