“ГАЙХАМШИГТ ХҮЛЭГ МОРЬД ДАВХИХ ГАЗАР” ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ.
Венецийн Биеннале, Орчин үеийн урлагийн түүхэн архив хамтран аялагч худалдаачин Марко Пологийн нас барсны 700 жилийн ойг тохиолдуулан түүний аяллын замналыг дахин мөрдөн харуулсан “Тэнгэрийг бүтээгч салхи” төслийг хэрэгжүүлж байна.
Төслийн тав дахь үе шатанд Монгол Улсын уран бүтээлч Б.Баатарзориг, С.Долгор, Бүгд Найрамдах Турк улсын уран бүтээлч Жэвдэт Эрэк нарийн хамтарсан “Гайхамшигт хүлэг морьд давхих газар” үзэсгэлэн нээлтээ хийлээ.
Үзэсгэлэнгийн нээлтэд ССАЖСайдын ахлах зөвлөх С.Сайнбаяр, Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна Пиккаррэта, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн захирал Доктор П.Байгалмаа, Венецийн Биенналегийн Түүхэн архивын захирал Дэбора Росси, куратор Луижа Лонарделли, Венецийн Биенналегийн ерөнхийлөгч Пьетранжело Буттафуоко нар оролцлоо.
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн захирал хатагтай Доктор П.Байгалмаа хэлэхдээ, “Хүн төрөлхтний түүхэнд газар зүйн хил хязгаарыг даван туулж, соёл иргэншлүүдийг хооронд нь холбосон эрхмүүд цөөнгүй байдаг. Тэдний нэг нь XIII зууны алдарт аялагч, худалдаачин Марко Поло юм. Түүний аяллын тэмдэглэл зөвхөн шинэ газар орны тухай өгүүлээгүй, харин дорно ба өрнийн соёл, мэдлэг, итгэл үнэмшил, хүмүүсийн амьдралын хэв маягийг харилцан ойлголцох анхны томоохон гүүрнүүдийн нэг болсон билээ.
Марко Пологийн тэнгэрт дэвшсэний 700 жилийн ойг тохиолдуулан хэрэгжүүлж буй “Тэнгэрийг бүтээгч салхи” төслийн “Гайхамшигт хүлэг морьд давхих газар” үзэсгэлэн нь түүний туулсан зам мөрийг өнөө цагийн урлагийн хэлээр дахин нээж, эргэцүүлэн харах онцгой боломжийг бидэнд олгож байна. Энэхүү төсөл нь өнгөрсөн ба одоо цагийг холбож, зам мөр, дурсамж, соёлын солилцоо, хүн төрөлхтний хамгийн үнэт зүйлсийн тухай шинэ яриаг эхлүүлж буйгаараа онцлог юм.
Монгол орон Марко Пологийн тэмдэглэн үлдээсэн өргөн уудам Евроазийн газар нутгийн салшгүй нэг хэсэг байсны хувьд энэхүү төсөлд онцгой утгаар оролцож байна. Бидний өвөг дээдсийн Их эзэнт гүрний үеийн харилцаа холбоо, худалдааны зам, нүүдэлчдийн соёл, тэнгэр шүтлэг, ертөнцийг үзэх үзэл нь өнөөдөр ч дэлхийн соёлын өвийн үнэт хэсэг хэвээр оршсоор байна.
Аливаа урлаг бол түүхийг хуулбарлан өгүүлэх бус, харин түүнд шинэ амьсгал өгч, шинэ утга агуулгаар баяжуулдаг амьд хэл болдог. Тэр ч утгаараа “Тэнгэрийг бүтээгч салхи” төсөлд оролцож буй уран бүтээлчид Марко Пологийн аяллыг зөвхөн газар нутгийн хөдөлгөөн бус, харин соёл иргэншлүүдийн уулзалт, хүний танин мэдэхүйн мөнхийн эрэл хайгуул хэмээн тайлбарлаж байна. Тэдний бүтээлүүдэд салхи нь зам мөрийн бэлгэдэл болж, тэнгэр нь хүн төрөлхтийг холбох нийтлэг орон зай болон дүрслэгджээ. Энэхүү төсөл нь Венецээс эхэлсэн түүхэн аяллыг дахин сэргээхээс гадна өнөөдрийн дэлхий ертөнцөд харилцан ойлголцол, соёлын яриа хэлэлцээ, хамтын бүтээлч сэтгэлгээ ямар үнэ цэнтэй болохыг бидэнд сануулж байна.
Марко Пологийн аялал долоон зууны тэртээ өндөрлөсөн байж болох ч соёлын уулзалт, танин мэдэхүйн аялал өнөөдөр ч үргэлжилсээр байна. Энэхүү төсөл тэрхүү мөнхийн аяллын нэгэн шинэ хуудсыг нээж байна” хэмээсэн юм.
Хаана: Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей
Хугацаа: 2026 оны 6 дугаар сарын 24 – 7 дугаар сарын 20










