“МОНГОЛЫН НЭГ ӨДӨР” НҮҮДЛИЙН ҮЗЭСГЭЛЭН ОРХОН АЙМГИЙН МУЗЕЙД

“МОНГОЛЫН НЭГ ӨДӨР” НҮҮДЛИЙН ҮЗЭСГЭЛЭН ОРХОН АЙМГИЙН МУЗЕЙД 

Монгол нүүдэлчдийн өв соёл, ёс заншлыг хойч үедээ өвлүүлэн үлдээх, хадгалах, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, үзмэр бүтээлийг эрдэм шинжилгээ судалгааны эргэлтэд оруулах болон соёлын өвийг орон нутагт сурталчлан таниулах ажлын хүрээнд “Монголын нэг өдөр” нүүдлийн үзэсгэлэн Орхон аймгийн музейн үзэсгэлэнгийн танхимд үргэлжилж байна.

Үзэсгэлэнд Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн хосгүй үнэт үзмэр болох олноо Марзан хэмээн алдаршсан зураач Балдуугийн Шаравын “Монголын нэг өдөр” бүтээлийн хуулбар зургийг дэлгэн үзүүлж байна.

Энэ бүтээлд XIX-XX зууны зааг үеийн нүүдэлчин Монголчуудын өдөр тутмын амьдрал, үндэсний ёс заншил, аж байдал, ахуй орчноор дамжуулан угсаатны зан үйл, ертөнцийн ерийн ба ер бус, ил далд үйл, явдлыг дэлгэн үзүүлдэг билээ.

Тус үзэсгэлэнгээр “Монголын нэг өдөр” бүтээлийн зарим нэг өгүүлэмж, дүр дүрслэл орчин үеийн гэрэл зургийн хальсанд хэрхэн буусныг МОНЦАМЭ агентлагийн гэрэл зурагчин Б.Чадраабалын авсан гэрэл зургуудтай харьцуулан үзэхээс гадна, уг бүтээлд нийт хэчнээн тооны дүр дүрслэл, хэдэн хүн, мал, адгуус амьтад, угсаатны зүйн эд өлгийн зүйлс, зан үйл дүрслэгдсэн талаарх тоо баримт, харьцуулсан судалгаатай танилцах боломжтой.

Мөн орчин үеийн техник технологи ашиглаж хийсэн анимэйшн болон AR төхөөрөмжийн тусламжтай бүтээлийн дэлгэрэнгүй мэдээлэл авахын зэрэгцээ хүүхэд багачуудад зориулсан боловсролын хөтөлбөрийг тус тус хэрэгжүүлж байна.

Үзэгч та бүхнийг тус үзэсгэлэнгээр зочлохыг урьж байна.

Хаана: Орхон аймгийн музейн үзэсгэлэнгийн танхимд

Хугацаа: 2026.05.14-26